Хатуулаг багатай согтууруулах ундааг сурталчлах тухай хууль өргөн барилаа
2009.03.04

Хатуулаг багатай согтууруулах ундааг сурталчлах тухай хууль өргөн барилаа

УИХ-ын гишүүн З.Алтай, Р.Амаржаргал, Д.Одбаяр, Ж.Сүхбаатар, Д.Энхбат, З.Энхболд нар Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-д өргөн барьжээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон байдаг. Гэвч согтууруулах ундааг сурталчлахыг хориглосноор архидан согтуурах явдал буурахгүй, радио, телевиз болон хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр согтууруулах ундааг далд аргаар сурталчлах нь нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ талаарх эрх зүйн зохицуулалт оновчгүй, уян хатан бус байгаатай холбоотой гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад зарим оронд согтууруулах ундааг сурталчлахыг бүрмөсөн хориглодог бол зарим нь сурталчилгааны ямар нэг хязгаар тавьдаггүй, нэлээд улс пиво зэрэг зарим төрлийн ундааг хязгаарлалттайгаар сурталчлахыг зөвшөөрдөг байна. Иймээс манай улсын тухайд согтууруулах ундааг сурталчлахыг бүрэн хориглох нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа учир хатуулаг багатай пиво, дарсыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой хязгаарлалттайгаар сурталчлахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзэж, хуульд нэмэлт оруулах төсөл санаачилжээ.


Хатуулаг багатай пиво, дарсыг хязгаарлалттайгаар сурталчлах боломжийг хэвлэл, мэдээллийн байгууллагад олгохдоо радио, телевизүүд шөнийн цагт, сонин, сэтгүүлийн хувьд гаралтын хэмжээг харгалзан хэвлэлийн талбайн тодорхой хэсэг болон зарим дугаарт сурталчилж болохоор хуулийн төсөлд тусгажээ. Пиво, дарсыг хязгаарлалттайгаар сурталчилснаар хатуулаг, хор уршиг ихтэй согтууруулах ундааны хэрэглээг багасгах, архинд донтох өвчлөл, согтуугаар гэмт хэрэг үйлдэх явдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа ажээ.

УИХ-ын дарга дээрх хуулийн төслийг ирэх хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.