АН-ын бүлгээс цар тахлын улмаас нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд эмгэнэл илэрхийллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар мэдээлэл хийлээ. Бүлгийн ээлжит хуралдааныг Сүхбаатарын талбайд хийсэн юм.
Бүлгийн дарга Д.Ганбат: Манай бүлгийн гишүүд нэг намын, нэг хүний дарангуйллыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Бид өлсгөлөн зарлаад таван шөнө, зургаан өдөр болж байна.Бид бүлгийн хурлаараа өнөөгийн цаг үеийн асуудал, хууль дээдлэх ёс алдагдаж байгаа тухай ярилцлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Шинэ Засгийн газар бүрэлдээд өнөөдөр 100 дахь хоногоо угтаж байна. Парламент, Засгийн газрын түүхэнд 100 хоногийн дотор маш их ажлыг амжуулдаг байсан. Харин энэ Засгийн газар 100 дахь хоногоо маш эмгэнэлтэй мэдээгээр угтаж байна. Юу гэвэл, улсын хэмжээнд 170 хүн цар тахлын улмаас нас бараад байна. 45,459 хүн халдвар авсан байна. 10 мянган хүнд ногдох халдварын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Улс орон маш ноцтой байдалд байна.
АН-ын бүлэг нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд албан ёсоор эмгэнэл илэрхийлж байна.
Хүн ам цөөтэй улс орнууд цар тахлыг хэдийнэ хяналтдаа аваад, хэвийн амьдралдаа орчихсон байхад манай улс маш хүнд байдалтай байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаа, УОК-ын хариуцлагагүйнх. УОК буруу шийдвэрийг санаатайгаар гаргадаг. Яагаач үгүй байхад хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгийг хааснаар нийгэмд айдас төрүүлсэн. Үүний дүнд УИХ болон орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан.
Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд УОК мөн л эрх баригчдад ашигтай шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнээс аж ахуйн нэгжүүд, иргэд хохирч байна.
УИХ-ын чуулганы хуралдаанд хоёр долоо хоног тутамд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож мэдээлэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш нэг ч удаа чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэнгүй.Монгол Улсын Засгийн газар 2020 онд цар тахлаас урьчилан сэргийлэхэд нийт 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Мөн гаднаас 659 сая ам.долларын тусламж, зээл авсан. Эдгээр хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулсан нь одоо харагдаж байна.
Үүнээс гадна энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэдийн амьдрал хүндрэх нь. Татварын орлого бүрдэхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн долоодугаар сарын 1-нээс нэмэх гэж байна. Ийм үед татварыг нэмж болохгүй, харин татварын орлогыг үр ашигтай зарцуулах ёстой гэдгийг АН-ын бүлэг шаардаж байна.