Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг IV сарын 1-ээс ашиглана
Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олголоо. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх АШУҮИС-ын дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өгсөн байна.
Уг оношлуур нь covid-19 өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино. Мөн зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай. Богино хугацаанд уг оношлуурыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх бололцоог хангасан эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Баттүвшин хэлсэн үгэндээ онцлов.
Оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сарын 1 өдөр эхэлсэн бөгөөд эхлэл санхүүжилтийг БСШУ-ны яам гаргаж, эрдэмтдийг дэмжсэн байна. Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар дэмжлэг үзүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ын удирдлага илэрхийлж байлаа.
Шүлснээс covid-19 өвчнийг илрүүлэх оношлуурыг 2021 оны 4 дүгээр сарын 1 өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.
Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс covid-19 өвчнийг оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин бага гэдэг тайлбарыг эрдэмтдийн төлөөлөл өглөө.
Оношлуур бүтээх эрдэмтдийн багт АШУИС-ын дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ын 10 гаруй эрдэмтэн багш нар ажилласан байна.