Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах иргэдийн саналыг дэмжинэ
2021.03.26

Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах иргэдийн саналыг дэмжинэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар НИТХ-ын ээлжит V хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван ам метрт хүргэх зорилт тавьж, ажилласан. Улмаар зорилтоо биелүүлж ажиллажээ. Тодруулбал, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Томоохон тохижилтын ажлуудаас дурдвал, "Дипломат-95” дугаар байрны хойд талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны өвлийн ордон музейн орчим, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сайжруулан, тохижуулаад байна. Гол гудамж зам, орон сууцны орчмыг моджуулж орчны тохижилтыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилүүдэд 300-350 мянган ширхэг нарс, гацуур, шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 90-ээс дээш хувьтай байгаа аж. Мөн цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг тогтмол хийж, тоосжилтыг бууруулжээ.

Харин орчны тохижилтыг сайжруулах хүрээнд амарч суух талбай, явган зам, спорт талбайг тохижуулж, хаягжилт, дугуйн зам, камержуулалт, гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмж, эрүүл мэндийн байгууллагуудын гаднах талбай, оршуулгын газрын орчныг стандартад нийцүүлэн тохижуулжээ. Газарт оршуулсан булшнаас 40-50 жилийн турш 20 орчим төрлийн хорт хий ялгардаг аж. Эрдэмтдийн тогтоосноор боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар, тарваган тахлын вирус 40 жилийн турш амьд оршиж, агаараар дамжин хүн малыг хордуулдаг байна. Тиймээс үүнийг сааруулах зорилгоор оршуулгын газрыг жил бүр үе шаттайгаар ойжуулж байгаа гэлээ.

Мөн  Ботаникийн цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж нь Улаанбаатар хотын оршин суугчид төдийгүй гадаад, дотоодын жуулчдад зориулагдсан ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музей байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэрээлэн ажиллажээ.

Улмаар олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламж буюу Баянгол дүүрэгт дөрвөн байршил, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд хослол зохиомжийн зураг гаргаж, нийтдээ найман овог, 13 төрөлд хамаарах I зэргийн 2129 ширхэг мод, сөөг ургамлын суулгацыг стандартын дагуу жишиг төгөл байгуулж тарьж, ургуулсан байна. Харин ирэх жилүүдэд мод, сөөгийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн 30 гаруй орны 50 орчим цэцэрлэгтэй үрийн солилцоо явуулдаг хамтын ажиллагаанд тулгуурлан ногоон байгууламжийн бодлогод хамтран ажиллах зорилт тавьсан байна. Өдгөө гурван га талбайд мод үржүүлэх ажлыг хийж буй. Цаашид мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх юм.

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгирлыг багасгах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах юм. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг найман ам метрт хүргэх зорилт тавьжээ.