Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталснаас хойш эдүгээ 26 дахь жилдээ нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж байна. 1994 онд нийслэл хот есөн дүүрэг 117 хороо, 509 мянган иргэнтэй байсан бол өнөөдрийн байдлаар 151 хороо, 1.4 сая иргэнтэй болжээ.
Нийслэлийн эрхзүйн байдал, нийслэл, дүүрэг, хорооны иргэдийн хурал, Засаг даргын эрх хэмжээ, бүрэн эрхийг Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль болон 150 гаруй хуулиар зохицуулж байна. Нийслэлд үйлчлэх эдгээр хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил байгааг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хэлж байна.
Тухайлбал, нийслэл хотын хувьд төрийн захиргааны төв байгууллага нь бодлого, төлөвлөлтийн ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, нийслэлийн удирдлага ямар асуудлыг хариуцан шийдвэрлэх талаар салбар хуулиудаар зөрүүтэй байдлаар зохицуулагдаж байна. Иймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулан батлах шаардлагатай гэж үзжээ.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа тухайн үед нийслэл хот цаашид ямар загвараар хөгжих, төр засагтай хэрхэн, ямар хэмжээнд харилцах, бусад орны жишиг ямар байгааг хөндсөн байдаг. Гэвч хуулиар зохицуулахдаа дээр дурдсан асуудлуудыг нэг мөр шийдвэрлээгүй ажээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь таван бүлэгтэй бол шинэчилсэн найруулгын төсөлд долоон бүлэгтэй байхаар тусгажээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ, зохион байгуулалт нэг мөр ойлгомжтой болох аж. Мөн Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэж, хууль хоорондын уялдаа хангагдана гэдгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хэлж байлаа.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгчид уг хуулийн төсөлд саналаа хэллээ. Тухайлбал нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа “нийт хүн амын 45 хувь, аж ахуй нэгжийн 70 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрөл өөрөө асуудал үүсгэдэг. Үүнээс болж Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тиймээс уг хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэн” гэв.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “экологийн харилцааг уг хуульд тусгах хэрэгтэй. Мөн хот байгуулалт, боловсролын тухай хуульд орхигдсон заалтуудыг тусгах нь зүйтэй” гэдгийг хэлж байлаа.