Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж буйг тэмдэглэв.
Цаашид хоёр талын худалдааг нэмэгдүүлж, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ,
Дэлхий дахинаа коронавирусын халдварт цар тахалтай тэмцэж буйтай нэгэн адил Монгол Улс дотооддоо халдварын тархалтыг хумьж, эдийн засаг бизнесээ дэмжих, үйл ажиллагааны хэвийн горимд шилжих зорилт тавьж, “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Улс орныхоо эдийн засгийг сэргээх, худалдаа бизнес эрхлэгчдээ дэмжих 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс коронавирусын халдварын эсрэг бүх нийтийн дархлаажуулалтыг эхлүүлснээр Монгол, Туркийн агаарын тээвэрлэлтийг нээж, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэв.
Элчин сайд Ахмет Язал хэлэхдээ,
Коронавируст цар тахлын хор уршиг дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлын эрсдэлтэй оновчтой, үр дүнтэй тэмцэж буй нь харагдаж байна. Манай хоёр улс агаарын тээврийн хэлэлцээгээ 2019 онд шинэчлэн баталсан. Үүнд Ерөнхий сайд таны үүрэг чухал байсан. “Туркиш эйрлайнс” компани дэлхийн 100 гаруй улс руу нислэгээ нээгээд байна. Монгол Улс руу ирэх 4 дүгээр сараас сард 2, цаашдаа түүнээс олон удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мөн авто замын ачаа тээврийг нэмэгдүүлэх, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн импортлох сонирхол байна. Түүх, соёлын харилцааны хүрээнд БНТУ-д хамтарсан үзэсгэлэн гаргах, хөшөө дурсгалыг хамгаалах, музей байгуулах зэрэг төлөвлөсөн олон ажил байгаа гэв.
Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв.