Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа
2021.02.03

Засаг дарга Д.Сумъяабазар Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархалтай байгаагаа дурдав. 

Хотын дарга цаашид талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хотын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт руу чиглэсэн шинэ Их тойруу замын бүтээн байгуулалт, Энхтайваны гүүрийн шинэчлэл, нүхэн гарцуудыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийг сайжруулах төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцоллоо. 

Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ цар тахлын хүнд нөхцөл байдалд Монгол, Хятад хоёр улс хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгож, Улаанбаатар хотын зүгээс сэтгэлийн тусламжийг Хятадын ард түмэнд хандивласанд сэтгэл хангалуун байдаг. Миний бие Элчин сайдын хувьд Хятад, Монголын ард түмний найрсаг харилцаа, орон нутаг, хотуудын бодит хамтын ажиллагаа, Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.  

Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын зүгээс гаргаж буй удирдамж, зөвлөмжийг чанд баримтлан уулзалтыг заавар, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.