Америк удахгүй гуравдагч орон болно
2012.06.01

Америк удахгүй гуравдагч орон болно

АНУ-ын Харвардын их сургуулийн Стивен Штраусын нийтлэлийг хүргэж байна.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад АНУ нь сүүлийн 30 жилийн турш улам доройтсоор байна. Америкчууд гол түлхүүр үзүүлэлтээр Их Британи, Франц, Герман, Япон зэрэг хөгжингүй орноос хоцорчээ. 

Энэ хэтрүүлэг биш. Жишээ дурдахад төрийн албанд бугласан авлигын индексээр АНУ дэлхийд 24-т жагсаж, Катараас арай дээгүүрхэн давхиж явна. Манай улс 15 настай сурагчдын математикийн мэдлэгийн түвшнээр дэлхийд 25 дугаар байр эзэлжээ.  30 жилийн өмнө АНУ-ын төрийн өр Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь байсан бол одоо 100 хувьд хүрч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй. Харвардын бизнесийн сургуулийн 10 000 төгсөгчөөс асуулга авахад 66 хувь нь АНУ-ыг хөгжиж буй эдийн засагтай орнуудаас хоцорч байгаа хэмээжээ.

Хэрэв та дээрх тоо баримтуудад итгэхгүй бол Энэтхэгийн Нью-Делийн олон улсын онгоцны буудлыг АНУ-ын Кеннедийн нэрэмжит болон Нью-Йоркийнхтой харьцуулаарай. Нэмж өгүүлэхэд Америкийн олон мужийн дэд бүтэц уналтад орж, бараг л гуравдагч орнуудын түвшинд очжээ.

Гэхдээ АНУ XIX зуунд шилдэг нь байсан. Бид дэлхийн анхны хүүхдийн цэцэрлэгийг байгуулсан явдал боловсролын салбарт бүхэлд нь эергээр нөлөөлсөн юм. Түүнчлэн төр засаг 1860-аад онд коллежуудад газар нутаг үнэгүй олгож байсан. Энэ хөрөнгө оруулалтын ачаар АНУ-ын их, дээд сургуулиуд дэлхийд шилдэг нь болсон билээ.

Харин АНУ өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, шилдэг гэдгээ харуулахыг эрмэлзэн, түрэмгий бодлого явуулсны дүнд өдгөө Европын их, дээд сургууль, коллежуудаас хоцрогджээ.

Эдийн засагч Торстейн Веблены тодорхойлсончлон бид өнөөдөр “сургалтын доголдол”-оос болж шаналж байна. Өөрөөр хэлбэл, бид дэлхий ертөнцийг өөрсдийн үзэл суртлын шүүлтүүрээр дамжуулан “хардаг”. Тэгээд зөвхөн манай итгэл үнэмшилд нийцсэн тохиолдолд хүлээн зөвшөөрдөг.

Соёлын шүүмжлэгч Стивен Колберт “Өмнө нь баримтууд чухал биш, хүн бүр өөрийн бодолтой байх эрхтэй гэдэг байлаа. Харин одоо баримтууд юу ч биш болжээ. Үнэн байгаасай гэж таны хүссэн тэр зүйл л үнэн болж хувирч байна. Тиймээс миний ярьж байгаа зүйл үнэн, бусдынх худал гэсэн үзэл нийгэмд давамгайлах болжээ” хэмээн 2008 онд бичиж байсан.
Америкчуудын ихэнх нь урьдын адил эх орноо дэлхийн хамгийн агуу улс гэж тооцож байна. Үнэндээ америкчууд олон талаар сайжирч, төгөлдөржих хэрэгтэй байгааг тэд үл тоон, няцаасаар л.

Сүүлийн 30 жилд Хятад хамгийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрчээ. Хятадын Дэн Сяопин “Хулгана барьж л байвал муур хар уу, цагаан уу гэдэг нь чухал биш” гэжээ. Гэтэл америкчууд аль ч улстөрийг хэр “ажиллаж байгаа”-г үл тоож, өөрсдийн үзэл сурталд хэр нийцэхийг чухалчилдаг. Тиймээс америкчууд одоо үзэл суртлаа хойш тавьж, баримт дээр тулгуурлан, Коммунист намын зөвлөгөөг хүлээн авах шаардлагатай болсон нь үнэхээр егөөдөл.

Яагаад гэвэл эсрэг тохиолдолд бид удахгүй дэлхийн гуравдагч орнуудын түвшинд хүртэл гулсах болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.