Лордуудын танхимд өөрчлөлт хийнэ хэмээн хатан хаан мэдэгдлээ
2012.05.11

Лордуудын танхимд өөрчлөлт хийнэ хэмээн хатан хаан мэдэгдлээ

 
Их Британийн хатан хаан II Элизабета парламентын шинэ улирлын нээлт дээр үг хэлэхдээ Засгийн газрын хөтөлбөрийг танилцуулж, Лордуудын танхимд өөрчлөлт хийхээ мэдэгдлээ. 

Хатан хаан “Өөрчлөлт шинэчлэлийн дүнд Лор­дуудын палатын ги­шүүдийн 80 хувийг сонго­дог болно. Мөн тоог нь цөөлж, 300-д хүргэнэ” хэмээн Парламентын хоёр танхим, Засгийн газрын гишүүдэд хандан хэлжээ.

Харин Лейбористуудын Засгийн газрын экс сайд, лорд Жон Рид “Ийм өөрчлөлт Их Британийн улстөрийн системд ноцтой үр дагавар авч ирж болзошгүй. Яагаад гэвэл шинэ Сенат шийдвэрийг эцэслэн, таслах үүрэгтэй болно. Ер нь шинийг байгуулж байхаар Лордуудын танхимыг цомхотговол таарна” хэмээн “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэв.
XIV зуунаас уламжлагдан өнөөг хүрсэн Лордуудын танхим одоо 792 пэр /гишүүн/-тэй. Тэдний дунд Английн сүмийн 26 архиепископ, епископ, 12 лорд шүүгч, 92 удам дамжсан лорд бий. ХХ зуунд Лордуудын танхимд хэд хэдэн удаа өөрчлөлт хийсэн. 1911 оноос лордууд Доод танхимаас гаргасан шийдвэрт хориг тавих эрх­гүй болжээ. Гэхдээ энэ нь хуулийн төслийг олон удаа буцааж, хэрэгжилтийг удаашруулдаг сөрөг талтай гэнэ.

Түүнчлэн 1958 оноос эхлэн насан туршдаа пэр байхыг зөвшөөрч, эмэгтэйчүүдийг ги­­шүүнээр элсүүлдэг болжээ. Харин британичуудын хувьд ихэнх нь Лордуудын танхимыг ардчилсан бус бөгөөд “хөгшдийн асрах газар” гэж үздэг байна. Лордууд Британийн парламентын дээд танхимын хуралд оролцох эрхтэй. Уламжлалын дагуу Засгийн газрын тэргүүн лорд хэргэмийг олгодог.

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ албан тушаалд жил ч болоогүй хэрнээ 117 хүнийг лорд болгожээ. Дэлхийн II дайнаас хойш ямар ч Ерөнхий сайд ийм олон хүнийг лорд болгоогүй. Одоо лордууд олуулаа чихцэлдэн ажилладагаас компьютер, утас хүрэлцдэггүй аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.