Ленин, Гитлер хоёр шатар тоглож байсан уу
2012.04.23

Ленин, Гитлер хоёр шатар тоглож байсан уу

  • Нацистуудын энэ номлол нь Лениний бодож олсон Зөвлөлтийн ард түмэн гэдэгтэй агаар нэг.
  • Ленин ажилчин ангийн эрх ашгийн тухай ярьдаг ч мэргэжлийн ажилчдыг аймшигтайгаар үзэн яддаг байсан.
  • Орос орон азгүй, бүтэлгүйчүүдийг өрөвдөх хандлагатай. Эрүүгийн гэмт хэрэгтнийг өрөвддөг цорын ганц улс бол манайх л байх.

Ленин ба Гитлер. XX зуунд манай гарагийг донсолгож, цусанд умбуулсан хоёр жолоодогчид ижил төстэй зүйлс бий. Тэд 19 насны зөрүүтэй, Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд, Гитлер 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлжээ. Дарангуйлагчдын тухай Андрей Михайлович Буровскийн «Московский комсомолец» сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Гүн ухааны доктор, түүхч, зохиолч, археологич Андрей Михайлович Буровский 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.

-Ленин, Гитлер хоёр юугаараа адил вэ. Уг нь Гитлерийг голдуу Сталинтай харьцуулдаг. Тэд дэлхийн II дайнд бие биеийнхээ эсрэг тулалдсан шүү дээ?

-Уг нь Сталиныг Ким Ир Сентэй, Владимир Ильич Ульяновыг /Ленин/ Адольф Алоизович Шикльгрубертэй /Гитлер/ жишвэл зохино. Ленин, Гитлер хоёулаа устгагчид. Сүйрүүлэгчид. Тэдний уриа «Устаж байгаа ертөнцийг гүйцээх нь бидний хэрэг». Гитлер Германд, харин Ленин Троцкийн хамт Оросыг сүйрүүлж өгсөн. «Интернационал» дууны анхны текстэд «Бид бүгдийг шатаана, бүгдийг устгана. Бид хуучин нарыг унтрааж, шинэ нарыг асаана» гэж байсан. Бүхнийг устгаж, шинэ ертөнцийг барьж босгох гэнэ.

Хачирхалтай нь Гитлерийн сүйрүүлэх эрмэлзэл «даруухан» байсан. Тэр мэдээж, солиотой түрэмгийлэгч байсан. Үүний зэрэгцээ Гитлерт язгуур угсаа чухал байсан. Тэрээр эртний Герман, дундад зууны түүхээс ирээдүйн Германд зориулан ямар нэг ул үндэсийг эрж олохыг оролддог байв. Харин Ленин Орос оронд байсан бүхнийг устгасан. Гэхдээ энэ хоёр зүтгэлтэн үзэл суртлаас ангид оршин буй материаллаг ертөнцийг бүхэлд нь үзэн яддаг хандлагаараа адилхан байлаа.

-Архивын бичлэгийг үзэхэд Гитлер ч, Ленин ч хашгирч орилж байдаг. Тэд хүмүүсийг яаж татдаг байсан бол. Яруу илтгэгчид, логик сэтгэлгээтэй байсан юм болов уу?
-Тэд яруу илтгэгчид байгаагүй, тэдэнд логик сэтгэлгээ ч байгаагүй. Хоёулаа аймшигтай хийрхүү хүмүүс байсан. Солиорсон мэт нүүрний хувирал, мэрэгч эсвэл шавьж шиг чичирч салганасан дохио зангаа гээд л. Сэтгэц судлалд индукци гэсэн ойлголт байдаг. Ленин, Гитлер хоёр зориуд солиорол, хийрхлийн байдалд ордог байв. Ийм илтгэгчид хэзээ ч логиктой алхам, үйлдэл хийдэггүй. Харин ч эсрэгээр тэд бөөн олныг өөрсдийн хашгираан орилооноор улам солиоруулж, «дэлбэлдэг». Үнэндээ хүмүүсийн нэлээд нь чухам ийм лидерийг дагадаг.

- Ленин, Гитлер хоёр өөрсдийн ард түмэндээ хайртай байсан уу?
-Тэд өөртөө ч хайргүй байсан. Гитлер өөрийн ард түмний нэрийн өмнөөс бүхнийг устгаж, хөнөөж байсан бол Ленин бусдын нэрийн өмнөөс өөрийн ард түмнээ хядаж байв. Үүнд л ялгаа нь бий. Нацистууд «Бид немцүүдэд норд арьстан /Nordic race/ гэдгийн учрыг тайлбарлаж өгөх ёстой. Яагаад гэвэл боловсролтой давхаргын ихэнх нь манай өвөг дээдсийн дунд славян, франц, еврей зэрэг нордын бус арьстан байсан гэж итгэдэг» гэж сурталчилж байжээ /үнэндээ норд нь европ арьстны нэг төрөл, орч/.

Нацистуудын энэ номлол нь Лениний бодож олсон Зөвлөлтийн ард түмэн гэдэгтэй агаар нэг. Ялгаа нь гэвэл Зөвлөлтийн болон нацистын санаачилсан эдгээр үндэстэн бодитоор оршиж байгаагүй. Үүнийг үзэл сурталд зориулан зохиосон юм.

- Ленин ядаж ивээлдээ авсан пролетаридаа /ажилчин анги/ хайртай байсан уу?
-Ленин ажилчин ангийн эрх ашгийн тухай ярьдаг ч мэргэжлийн ажилчдыг аймшигтайгаар үзэн яддаг байсан. Зүгээр нэг пролетари биш, харин ур чадвартай ажилчид, мөн гэр бүлийнхээ төлөө газраа боловсруулж, шударгаар ажиллахыг нэр төрийн хэрэг гэж үздэг тариачдад Ленин дургүй байжээ. Түүний хувьд пролетари нь зөвхөн үгээгүй ядуус. Зөвлөлт засаг Лениний тухай олон домог бүтээсний нэг нь түүний үлгэр жишээ гэр бүл. Үнэндээ Лениний эх Мария Александровна заримдаа хүүхдүүдийнхээ эцгийн нэрийг мэддэггүй байсан. Илья Николаевич бол Лениний /Володя/ төрсөн эцэг биш.

-Ульяновын хүүхдүүд, түүний дотор Володягийн эцэг нь гэр бүлийн эмч И.С.Покровский гэлцдэг. Ульянов их сургуульд сурч байхдаа нэг хэсэг Иванович гэж бичиж байсан гэсэн?
-Пролетарийн хувьсгалын эцгийг дэлхийд бэлэглэсэн энэ гэр бүлд олон оньсого бий.

-Ленин үхэхийнхээ өмнө юу хийснээ ухаарч, гэмшсэн болов уу?
-Орос орон азгүй, бүтэлгүйчүүдийг өрөвдөх хандлагатай. Эрүүгийн гэмт хэрэгтнийг өрөвддөг цорын ганц улс бол манайх л байх. Уг нь тэднийг бус золиосыг нь өрөвдөх хэрэгтэй. Оросыг цусанд умбуулсан Ленин огтхон ч гэмшээгүй, харин нөгөө ертөнцөөс тамын галаар тургихад л юуны босгон дээр зогсож байгаагаа ойлгоод айсан биз. Гитлер ч гэмшээгүй. Тэр амьдралынхаа сүүлчийн мөчид биеэ тоож, өөрийгөө дөвийлгөж байлаа. Гитлерийн сүүлчийн үг бол «Герман улс хэрэв надтай байх гавъяагүй бол мөхөг». Энэ бол материаллаг ертөнцийг, улс орноо, ард түмнээ өөртэйгээ цуг авч явах хүсэл. Гитлер «Нэгэнт л намайг хүлээж аваагүй учраас надтай цуг мөхөг» гэжээ.

-Ленин, Гитлерийн асуудал одоо хэр чухал вэ?
-Маш чухал. Дэлхийн системийн уналт, хувьслын шинэ сувгийг сонгох эрин үед бид амьдарч байна. Иймээс маш олон хүн Ленин, Гитлер, Муссолини, Сталиныг дурсах болжээ. Лениний социалист үзэл санаа одоо өөр хэлбэрт хувирч байна. Жишээлбэл исламын фундаментализм. Энэ бол өнөөгийн ленинизм. Муамар Каддафийн «Ногоон ном»-ыг хэрэв Ленин, Гитлер уншсан бол шүтэн биширсэндээ нулимсаа урсгах байсан даа. Исламын шашны фундаментализм, нутгийн үндсэрхэг үзэл, социализмын үзэл санааны этгээд хослол Арабын мусульманы ертөнцөд давалгаалж байна. Яг л Гитлер эсвэл Лениний үзэл санаа шиг.

-1909 онд Ленин, Гитлер хоёр Венад шатар тоглож байгаа бар зураг байдаг. 39 настай Оросын хувьсгалч, 20-той Австрийн эхлэн зураач хоёр уулзаж байсан уу?
-Уулзсан байх магадлал бий. Тэд нэгэн үеийнхэн шүү дээ. Тэр тусмаа Ленин амьдралынхаа ихэнхийг Европт өнгөрөөсөн. Гэхдээ тэднийг уулзсан гэсэн баримт нотолгоо алга. Энэ зураг бол хийсвэр төсөөлөл.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.