Хойд Солонгос улс АНУ-тай хийсэн хэлэлцээгээ цуцаллаа
2012.04.22

Хойд Солонгос улс АНУ-тай хийсэн хэлэлцээгээ цуцаллаа

Хойд Солонгосын Засгийн газар АНУ-тай өмнө нь хийсэн бүх хэлэлцээгээ цуцалж, дэлхий нийт хориглож байгаа ч цөмийн судалгаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Тус улсын Төв холбооны агентлагийн мэдээлснээр Америкийн засаг захиргаа БНАСАУ-ын энхийн замаар сансрыг эзэмших эрхийг хязгаарласан гэнэ. Мөн Хойд Солонгосын ГХЯ «Энхийг сахиулах гэсэн худал шалтаг гаргаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд бүрэн эрхтэй болсон» хэмээн АНУ-ыг буруутгасан байна.

«Ялангуяа НҮБ-ын тогтоол нь бусад оронд аюул учруулах боломжгүй сансрын энхийн хөтөлбөрт үйлчлэх ёсгүй. Тиймээс сансарт пуужин хөөргөж, цөмийн туршилтаа үргэлжлүүлэхээр болсон. Бид дэлхий дахины энхийн асуудалд анхаарах болно. Гэхдээ бидэнд нэр хүнд маань илүү чухал» гэж Хойд Солонгос мэдэгдсэн байна. Үүнээс гадна тус улс Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг оруулж ирэхгүй гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард БНАСАУ уран баяжуулахаа зогсоохыг зөвшөөрөөд, цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтаа зогсоосны хариуд АНУ-аас хүнсний тусламж авахаар болсон. Үүнээс гадна Пхеньян цэрэг, атомын салбарт явуулж буй идэвхтэй үйл ажиллагаагаа хязгаарлаж, эх орондоо Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн юм. Гэвч тус улсыг хиймэл дагуултай «Унха-3» пуужин хөөргөсний дараа хоёр орны харилцаа таагүй болсон билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-д тавих хоригоо чангатгаж, Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудыг хар жагсаалтад оруулахаар шийдвэрлэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.