OOGII Брэндийн байгуулагч Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй уулзав
2019.11.25

OOGII Брэндийн байгуулагч Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй уулзав

Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн, Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар "Эрдэнэтийн сайхан бүсгүй" группийн хамт олон 11-р сарын 24-нд Уурхайчин соёлын ордонд "Амжилттай яваа бүсгүй" уулзалт зохион байгууллаа. Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ "Амжилттай яваа бүсгүй" уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

-Манай хүрээлэн Эрдэнэт хотын ард иргэд, хүүхэд залуучууд руу хандсан нэлээн олон ажил хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид Эрдэнэт хотод гарааны биснес эхлүүлсэн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн. Судалгаанаас харахад тэдгээр төслүүдэд оролцогчдын бараг 90 хувь нь эмэгтэйчүүд байсан. Тиймээс нэгэн "Амжилттай яваа бүсгүй"-г өнөөдөр Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй уулзуулахаар урьж ирүүллээ. Дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ололт амжилтаараа гялалзаж яваа О.Оюунцэцэгтэй та бүхнийг уулзуулж байна Алс холын Австрали улсад монгол эмэгтэй өөрийн амжилтаар түүчээлээд, OOGII брэнд үүсгэн байгуулаад явж байгаа нь манай залуу үеийнхний нэгэн том бахархал юм. гэв.

Уулзалтын эхэнд өөрийгөө Олонбаярын Оюунцэцэг гэж танилцуулсан энэ эмэгтэй Австрали улсын Сидней хотод амьдардаг. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Австралийн баруун Сидней хотын телевизээс гадаад улс дахь хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо гоёмсог гутал, цүнхний OOGII брэнд үйлдвэрлэж олон улсад борлуулдаг төдийгүй Австралийн хамгийн том IT компани, Rack Corp-н PR захирлаар ажилладаг. Энэ компани дэлхийн 15 оронд 27 салбартай ажээ.

Амжилт өөд тэмүүлэгч Эрдэнэтийн олон зуун залуу бүсгүйчүүд энэ уулзалтын 10 мянган төгрөгийн урилгыг гартаа барьсаар суудлаа эзэлсэн байв. Олон улсын сэтгүүлч, Rack Corp-н PR Захирал, OOGII брэнд, OOGII EDU үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг гэгч үзэсгэлэнтэй бүсгүй ямар гараанаас эхлээд ямар амжилтанд хүрсэн тухай сонсохыг Эрдэнэтийн бүсгүйчүүд тэсэн ядан хүлээж суулаа. О.Оюунцэцэг унаанаасаа дөнгөн "дөрөө мултлаад" Уурхайчин соёлын ордны танхимд орж ирсэн бололтой, тайзнаа гарч Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй мэндлээд, шууд л OOGII брэндээ хэрхэн эхлүүлсэн, ямар саад даваа туулж, хэр амжилтанд хүрсэн талаар ярьж эхлэв. Анх Австрали улсад суралцахаар хөл тавьсан О.Оюунцэцэг залуу эмэгтэйчүүдийн нэг адил өндөр өсгийт ганган туфль авч өмсөөд хөлөө холгуулж гишгэх аргагүй болсон тэр даруйд "Би ер нь яагаад бүсгүй хүний хөлийг холгодоггүй, өндөр өсгийтэй мөртлөө намхан ултай гутал, эсвэл кээт өмссөн юм шиг амар тайван алхаж болох гутал хийж болохгүй гэж" гэх бодол түүнд төржээ. Удалгүй тэр гэнэтийн санаагаа хэрэгжүүлж бүсгүйчүүдийн туфль хийж эхэлснээр өнөөдөр олон улсын "Гоо бүсгүйчүүл" тэмцээний оролцогчид хүртэл олноороо шохоорхон өмсдөг OOGII брэнд үүссэн тухай дэлгэрэнгүй хуучлав. Танхимд нам жим. Хүний нутагт бүхнийг шинээр эхлүүлж, дэлхийн брэнд гутал, цүнх үйлдвэрлэдэг болтлоо өсөж дэвжсэн түүний ажил амьдралын нугачаа амаргүй байжээ. Гэлээ ч тэр бүхнийг даван туулахдаа алдаа, оноогоо дэнсэлж чадсан байна. Тэрээр "Бизнесийн гараагаа эхлүүлж байгаа залуучууд хэзээ ч битгий түрээс төл, эхэндээ олон хүн цалинжуулах хэрэггүй, мөн банкнаас зээл битгий ав. Харин үндсэн ажлынхаа хажуугаар ирээдүйн бизнесийнхээ гарааг эхлүүлж, бизнесээ үргэлжлүүлэхэд шаардагдах мөнгөн хуримтлалтай болох нь хамгийн зөв алхам" гэх мэт өөрийн алдаанаас сургамж авсан "алтан дүрэм"-үүдээ Эрдэнэтийн бүсгүйчүүдтэй харамгүй хуваалцлаа.

Тэрээр "Буруу замаар явсан бизнес боломжийн амжилтанд хүрлээ ч огцом унах аюултай. Тиймээс ашиг багатай ч алгуурхан өгсөх, саад бэрхшээлтэй байлаа ч бүхнийг хуулийн хүрээнд хийж, үнэнээр явах нь тухайн бизнес хэтдээ өндөр амжилтанд хүрч, удаан оршин тогтнох үндэс байдаг" хэмээн эмэгтэйчүүдэд чухалчлан захив. Мөн бизнесээ эхлүүлсэн хүн хамгийн гол нь зөв, хөдөлмөрч, хичээнгүй, бусдад хүндлэлтэй хандах нь амжилт өөд өгсөх маш том алхам болно гэв.

Ярих нь хүртэл цэгцтэй, байгаа төрх нь залууст үлгэр дууриалалтай, мэдлэг боловсрол өндөр, хүний нутагт сэтгэлийн хат суусан ийм залуус Монголд олон байгаасай гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Австралиас эх орондоо эргэн ирж Улаанбаатарт нэг хоног саатаад Эрдэнэтэд хүрэлцэн ирсэн Олонбаярын Оюунцэцэг уулзалтын төгсгөлд Эрдэнэтийн эмэгтэйчүүдийн дунд асуулт тавьж хамгийн түрүүн зөв хариулсан нэг хүнийг OOGII брэндийн ганган туфлээр шагналаа.

Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн, Бат-Өлзийн Бат-Эрдэнийн бүтээсэн "ХУВЬ ЗАЯА" номын 7-р ботийг гартаа барьж, OOGII брэнд үүсгэн байгуулагч Олонбаярын Оюунцэцэгийн амжилтын бахархалт түүхийг оюундаа тунгаасан Эрдэнэтийн бүсгүйчүүд тэдэнд талархал илэрхийлсээр танхимаас гарч одлоо. Аливаа амжилтын түүх бусдад асар ихийг бодогдуулдаг. "Амжилттай яваа бүсгүй" уулзалт Эрдэнэтийн бүсгүйчүүдэд бизнесээ эхлүүлэх, гарааны бизнесээ амжилтанд хүргэх зүтгэл, тэмүүллийн оч бадраасан буй заа.