УБ-Эрдэнэт хотыг шууд холбох хурдны зам, хурдны галт тэрэг төсөл эхлүүлнэ
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 51 хувь нь аж төрж байна. Анх 400 мянган хүн амтай байхаар төлөвлөж байсан нийслэл хотод хүн амын өсөлт нь 1,6 сая болтлоо нэмэгджээ. Үүнээс шалтгаалан агаар, хөрсний бохирдол та бидний төсөөллөөс илүүтэйгээр нэмэгдэж, эрүүл амьдрах орчин нөхцөл алдагдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагавар хотууд бий болгох, Эрдэнэт, Дархан хотууд руу дэд бүтэц шинээр татах, зам дагуу суурин газар бий болгох талаар ярьж эхлээд байна. Тиймээс "Эрдэнэт хотын хөгжил бодлого судлагааны хүрээлэн"-ээс дараах судалгааг хийжээ.
Энэ нь Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл 370 км зам туулан очдогийг 100 км-ээр багасгаж заавал Дарханаар дамжин өнгөрүүлэхгүйгээр шууд Эрдэнэт хоттой холбох боломж байгааг харсан байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар – Эрдэнэт хүрэх зам багасаад зогсохгүй Орхон аймгаас цаашхи бүхий л аймаг суурингууд Улаанбаатар хоттой холбогдох зам 100 км-ээр хасагда
на гэсэн үг юм. Түүнчлэн Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км шулуун зам тавихаас гадна Монгол Улсын анхны хурдны галт тэрэг, хурдны авто замаар зорчих боломж ч нээгдэх ажээ.
Үүнийг дагаад 50 – 60 км тутамд 150 мянгаас – 200 мянган хүн оршин суух даац бүхий шинэ сууринг байгуулах, өөрөөр хэлбэл Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл 4 – 5-н жижиг хот суурин бий болгох юм. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хүн амыг тархаан суурьшуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна.
Уг төслийн зураг төсөл хийгдэж эхэлсэн бөгөөд энэ ажлын шугамаар "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны XING TAI групп (Зам барилга, гүүр, хот төлөвлөлт)-ийн удирдлагуудтай уулзсан байна. Уулзалтанд 150 мянгаас 200 мянган хүнтэй жижиг хотын төлөвлөлтийг хийх судалгааны талаар, мөн Эрдэнэт хотын наадмын талбайн төлөвлөлтийн дагуу зурагдсан Спортын битүү ордныг хамтран барьж байгуулах төслийг ярилцжээ. XING TAI групп нь Ордос хотын нийт барилгын 80-н хувийг дангаар нь барьсан бөгөөд 40 мянган хүний суудал бүхий 4-н том цэнгэлдэх хүрээлэнг бүтээн байгуулсан туршлагатай. Та бүхэн Miss world тэмцээн Ордос хотод зохион байгуулагдах үед тус группын бүтээн байгуулсан цэнгэлдэх хүрээлэнг тольдож болох юм.
Тус компанийн удирдлагууд энэ оны 6-н сард Бат-Өлзийн Бат-Эрдэнийн урилгаар Монгол улс, Эрдэнэт хотод хүрэлцэн ирэхээр болжээ.