2020.12.18

Б.Энх-Амгалан: Боловсролынхоо хуулиар зохицуулах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Үзэл баримтлалыг дэмжиж байна. Хүүхдүүдийг эрдэм номтой, ээж, аавдаа ачлалтай хүүхэд болгохоор хичээж байна. Сүүлийн үед боловсролын системээр их тоглосон. Янз бүрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлсөн. Хувь хүний төлөвшлийг дэмжиж монгол хүн Монголоороо байхыг ярьж байгаа нь зөв. Үүнийг Боловсролынхоо хуулиар нь зохицуулах хэрэгтэй. Харин хуулийн нэр нь дээр анхаараарай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Монгол улсын боловсролын бодлого тогтвортой байх ёстой. Харамсалтай нь 4 жилийн дотор 5 сайд сольсон. Нэг нам гарч ирээд бие биенийхээ бодлогыг үгүйсгэж сольдог. Үүний хохирлыг хүүхдүүд амсдаг. Боловсролын хуулийн амин сүнс нь энэ хуулийг агуулга гэж гишүүд харж байгаад талархаж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Гишүүдийн хэлж байгаа санал бүр үнэтэй. Монгол хүнийг Монголоороо байхаар харж байна. Манай ард түмэн сэтгэлийн өндөр боловсролтой байснаар амжилттай явж байсан. Үүнийг сэргээхээр хичээж байна.