НИТХ-ын хороо, дэд хороодыг байгуулж, эрхлэх асуудлыг баталлаа
НИТХ ээлжит бус I хуралдаанаа хийж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ.
Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн НИТХ-ын Хороо, дэд хороод, эрхлэх асуудлыг томъёолов.
Төлөөлөгчид ажлын хэсэг болон намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг тусган 2020-2024 онд НИТХ зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа. Үүнд:
1. Хүний хөгжлийн хороо, даргаар төлөөлөгч П.Наранбаяр
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн
2. Эдийн засаг, төсвийн хороо, даргаар төлөөлөгч М.Халиунбат
- Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч М.Тулгат
Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч С.Эрдэнэбаяр
3. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Мягмар
- Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороо, даргаар төлөөлөгч Ү.Оюунзул
4. Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, даргаар төлөөлөгч Л.Отгонбаатар
- Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Л.Ариунтуяа
5. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, даргаар төлөөлөгч М.Говьсайхан
- Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат
6. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, даргаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар
- Замын түгжрэлийг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Төгөлдөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлнэ.
Эдийн засаг, төсвийн хороо нь хотын төсөв, түүний гүйцэтгэлд хяналт тавих, зээлийн бодлого татварын бодлого, бизнесийн орчныг сайжруулах, нийслэлийн өмчийн менежмент, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо нийслэлийн эрх зүйн шинэчлэл, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой мөн хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хотын стандарт орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хянана.
Харин Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь хүрээлэн буй орчин, агаар, хөрсний асуудал, усны бохирдол, хог хаягдлын менежментийг хариуцах юм. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хороо байгуулах асуудлыг хэлэлцэх бол энэ жил шинээр байгуулж буй Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг нэмэглүүлэх зэрэг асуудлыг хариуцах юм.