Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өглөө.
Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон.
Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдөр авч байна. Нийслэлийн хэмжээнд 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна.
Мөн нийслэлийн хүн амын дунд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 50 тонн махыг худалдан, борлуулж байна. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.