13 салбарын зорчих хугацааг 06:00-22:00 цаг болголоо
2020.11.21

13 салбарын зорчих хугацааг 06:00-22:00 цаг болголоо

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй боллоо.

Амны хаалт зүүх, 1,5-2 метрийн зай барих, ажлын, иргэний үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон гэсэн үг биш. Иргэд хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх шийдвэр хэвээр юм. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах бол хязгаарлалт тавихгүй юм.

Дээрх 13 холбогдох байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудаа 90 хүртэл хувь хязгаарлаж байж халдварын тархалтаас сэргийлнэ гэсэн зарчим барьж байна.

Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг зөвхөн шөнийн цагаар хийх шийдвэрийг цуцаллаа. Ингэснээр хүнсний 770 үйлдвэр, хүнсний импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 220 аж ахуйн нэгжийн 4,000 орчим автомашин 07.00-17.00 цагт явж 3731 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Дээрх хугацаанд томоохон дэлгүүрүүдийн 350 автомашин сүлжээ дэлгүүртээ бараа хүргэнэ гэсэн судалгаа гарсан. Алслагдсан хороодын дэлгүүрүүд тогтоосон цагт бараагаа татаж чадаагүй бол өөрсдөө 07.00-10.00 цагт гэрээт хүнсний захаас авч болох зохицуулалтыг хийлээ.

Өнөөдрийн байдлаар QR кодтой цахим тусгай зөвшөөрлийг 5000 гаруй тээврийн хэрэгсэлд олгоод байна. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо үйлчлэгч байгууллагаас тавьсан шаардлагыг мөрдөн халдвар хамгааллын дэглэмээ хангаж илүү хариуцлагатай зорчихыг анхааруулж байна.