Ч.Ундрам: Сэлэнгэ аймагт корона-19 вирус батлагдсан тохиолдол 51 болсон байна
2020 оны 1,2 дугаар сараас эхлэн дэлхий нийтээр нь айлгаж, хөл хориход хүргээд буй Ковид-19 цар тахлыг манай улс дотооддоо алдаж хүнд нөхцөл байдал үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 555, үүнээс эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байгаа аж. ХӨСҮТ-д 213 иргэн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Нийт 4 аймагт ковид-19 цар тахлаар өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 51 болсон нь сэтгэл эмзэглүүлж байна.
Сэлэнгэчүүд та бүхэн ковид-19 цар тахлаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна гэж стрессдэхгүй, аль болох дархлаагаа дэмжиж, халуун хоол цай хэрэглэж, гэрээсээ гарахгүй байж хайртай, дотны хүмүүсээ хамгаалаарай.
Дэлхийн улс орнууд энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол хатуу хөл хорионы дэглэм гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс Монгол Улсын засгийн газраас ирэх 12 сарын 1 хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосон билээ. Энэ бол та биднийг, иргэн бүрээ эрсдлээс хамгаалах гэсэн төр засгийн бодлого юм.
Энэ шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд 5000 гаруй албан хаагч хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа албан хаагчдынхаа итгэл, зүтгэлийг бодож иргэн бүр хариуцлагатай байж, хатуу хөл хорионы дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Төр засгийнхаа шийдвэрийг дагаж гэртээ байснаараа та, бид энэ аюулт цар тахлын гинжин хэлхээг тасалж, тархацыг хумих боломжтой юм. Цөөхөн хүн амтай манай улс дотоодод алдагдсан ковид-19 цар тахлыг хатуу чанга хөл хорионы дэглэмээр зогсоохоос өөр аргагүй билээ.
Энэ цаг үед иргэн бүрээ хамгаалахаар хүчин зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, ОБЕГ-ынхан, цэрэг, цагдаа болоод бусад төрийн албан хаагчиддаа, нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг иргэддээ шуурхай хүргэн ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч сурвалжлагч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхэн маань аюулгүй байдлаа онцгой анхаарч, аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж ажиллаарай.
Хүн бүр өөрсдийгөө, хайртай дотны хүмүүсээ ковид-19 цар тахлаас хамгаалах боломж нь гэрээсээ гарахгүй байх, дархлаагаа дэмжих, эм тариа, хүнс авахаар гарахдаа маскаа зүүх, гараа ариутгах гэдэг мэдээллийг өдөр бүр иргэд маань авч байгаа гэдэгт итгэж байна.
Сайхан цаг удахгүй ирэх учраас хүн бүр төр засгийнхаа гаргасан шийдвэрийг дагаж, хариуцлагатай, ухамсартай байхыг хичээнгүйлэн хүсье. Иргэн бүр, айл өрх бүр, эх орон минь элэг бүтэн үлдэж, баяр хөөртэй учран золгохын ерөөл өргөе.