УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг энэ сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Катрин Ивкоф дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар ардчилал, парламентын засаглал, хүний эрхийг дээдлэх, хууль эрхзүйт ёсны зарчмыг хүндэтгэх зэрэг үнэт зүйлс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь болж байгааг тэмдэглээд, Канад Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг тууштай дэмжиж хамтарч ажиллаж ирсэнд баяртай байдгаа илэрхийлэв.
Канад Улсаас Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав.
Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард УИХ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдвийн хүрээнд гурван өдрийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Мөн Азийн сантай хамтран жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх нь” төслийг эхлүүлсэн талаар танилцууллаа.
Улсын Их Хурал, Засгийн газраас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль эрх зүй, эдийн засгийн реформыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд 40 гаруй хуулийг батлах учиртай. Эхний ээлжид намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай болон Шүүхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим систем, УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа.
Түүнчлэн Улсын Их Хурлаас гадаад худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, энэ талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.
Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо.