НҮБ "Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байна
2020.10.27

НҮБ "Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байна

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2020.10.27/ Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевичтой уулзлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр 2018 оноос "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн талаар талууд санал солилцсон юм.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич шат шатны сонгуулийн дараах төрийн албаны халаа сэлгээ нь Монгол Улс тогтвортой байдлаасаа ухрах асуудлыг бий болгох  эрсдэлтэй үүнд онцгой анхаарах ёстой гэлээ.

Ковид-19 цар тахал, онцгой дэглэмийн үед мөн халаа сэлгээ хийх нь Төрийн албыг улам бүр хүчгүйдүүлэх, цаашлаад иргэдэд ч буруу ойлголтыг өгөх учир Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ. Цаашид УИХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хууль нь улс төрөөс хараат бус байх, тогтвортой байх, мерит зарчимд суурилсан зэрэг томоохон дэвшил авчрах сайн хууль болсон. Хуулийн хэрэгжилтэд тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа авч ажиллаж байна гэлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хяналтын эрхүүд нэмэгдэж, хянан шалгах түр хороо байгуулах эрх бий. Цаашид төрийн албанд ноцтой асуудлууд, зөрчил гарвал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарч ажиллах болно гэдгээ онцоллоо. 

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд  дэлхийн банкнаас санал болгоод буй сайн засаглалын хэмжүүр, шалгуурыг барьж ажиллаж, засаглалын өрсөлдөх чадварыг сайжруулах тухай онцгой анхаарах болно. Үүн дээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.