Д.Сумъяабазар: Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе
2020.10.29

Д.Сумъяабазар: Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.

Нийслэл хот маань 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай. Түүхэн он цагийн нугачаанд тэнцэж босон хүнд бэрх зам бишгүй туулж байж нийслэл хот маань өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ.  

Нийслэл хотынхоо хөгжлийн тулгын чулууг анхлан босгож, ямар ч цаг үед тулган дахь галаа бөхөөлгүй өрдөн бадрааж ирсэн өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэл, гарамгай үйлсээр бид ямагт бахархдаг. Нийслэлийн хөгжлийг түүчээлсэн үе үеийн ахмадуудынхаа үйлс бүтээлийг үр хойчис бид өнө мөнхөд үргэлжлүүлж, дэвжээн бадраах учиртай.   

Гурван парламент дамжин хэлэлцэгдсэн шинэ Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараах 2020 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, их хариуцлага үүрүүллээ. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь ажиллаж амьдарч, сурч боловсорч буй нийслэл Улаанбаатар хотод маань хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл бэрхшээл, асуудал цөөнгүй бий.

Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлснээр өнөөгийн хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, Монгол үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхий бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хотыг цогцлоон байгуулах боломжтой юм. УИХ, Засгийн газраар батлуулсан урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдээ үе шаттайгаар хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавихын зэрэгцээ энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэн засаглалын бүхий л шатанд бодлогын залгамж халаа, уялдаа холбоог сахин ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.  

Нийслэлчүүд бидэнд хийсэн ажил их бий. Бүтээснээсээ илүү ихийг бүтээхийн төлөө, эхлүүлсэн томоохон ажлуудынхаа үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэхийн төлөө, нүүдэлчдийн соёлын өвөрмөц хэв шинжийг хадгалсан шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе!