Нийслэлийн үе үеийн удирдлага “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
2020.10.29

Нийслэлийн үе үеийн удирдлага “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн үе үеийн удирдлага, иргэд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залдаг уламжлалтай билээ.

Тэртээ 381 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьжээ. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьсан түүхтэй.

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байгаа нийслэлийн төр захиргааны байгууллагын алба хаагчид болон нийслэлчүүддээ 381 жилийн ойн баярыг хүргэе. Бидэнд шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа, эдгээр асуудлыг шат дараатай шийдэж, Улаанбаатар хотынхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана” гэдгийг онцлон хэллээ.

Мөн энэ өдөр нийслэлийн үе үеийн удирдлага, иргэд олон нийт Монгол улсын төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулан, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.