2020.10.20
Л.Энх-амгалан: Эмийн бодлогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.Энх-Амгалан АСУУЛТ АСУУЛАА.
- Эмийн асуудал дээр зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй. Ард иргэд бусад улсын иргэдийг бодвол 5-6 дахин илүү үнэтэй эм худалдаж авдаг. Гурван эмийн нэг нь бүртгэлгүй орж ирдэг. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Энэ хуулийн зарим өөрчлөлт сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүнийг тодорхой хэлж өгнө үү?
- Хүн ба малын эмийн асуудал хоёр тусдаа байхгүй байна. Яагаад нэг хуулиар зохицуулагдаж байна вэ? Үүний үндэслэлүүдийг тайлбарлаж өгнө үү?
- Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр энэ хуулиар гарч байгаа ахиц ууд юу байна вэ? Зөвхөн төсвийн хөрөнгөөр аваад байх уу эсвэл эмнэлэг нь бие даагаад санхүүгийн түрээсээр авч байх юм уу? Бусад улс орнуудын жишиг нь эмнэлгийн томоохон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд иргэдээс авч байгаа эмнэлгийнхээ хураамжийн шимтгэлийг орлогоос нь хуваалцаж шийдээд явдаг сайн жишгүүд байна. Манайд эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлого гэж байна уу?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.
Эмнэлгийн тоног төхөөрөмжид зориулагдсан хууль гэж байдаггүй байсан. Энэ удаагийн хуульд эм эмнэлгийн ХЭРЭГЛЭГДЭХҮҮН гэхээр тоног төхөөрөмж орж байна. Эм эмнэлгийн ХЭРЭГСЭЛ гэхээр тоног төхөөрөмж нь орохгүй байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж дээр анх удаа хуультай болж байгаа юм. Энэ нь гишүүний ярьж байгаа олон асуудлуудыг шийдэхэд дөхөм болох юм. Тоног төхөөрөмжүүдийн хангалт нийлүүлэлт хийгдээд байдаг хийгдсэний дараагаар баталгаат засварууд хэрхэн явах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Харин энэ хуулиар эдгээр зүйлүүд тодорхой болно.