Залруулга: Нүүрсний компаниудаас “зуучлалын хөлс” авдаг байсан гэх асуудалд б.ганхуяг холбоогүй байжээ
2020.09.14

Залруулга: Нүүрсний компаниудаас “зуучлалын хөлс” авдаг байсан гэх асуудалд б.ганхуяг холбоогүй байжээ

Цахим мэдээллийн Newstv.mn сайт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Ө.Сумъяабаатар, Э.Онон нар нүүрсний гэрээ байгуулахдаа Зуучлалын хөлс нэрээр тонн тутмаас 3.0-3.5 ам.долларыг хувьдаа завшдаг байжээ гэх мэдээллийг 2020.09.12-ны өдөр нийтэлсэн. 

Нүүрс нийлүүлэх гэрээг тухайн үед буюу 2017-2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд, Хууль эрх зүйн газрын захирал Э.Онон, Захиргаа удирдлагын газрын захирал Ө.Сумъяабаатар, Геологи, Уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнбаатар, Маркетинг хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Серикжан нарын гарын үсэгтэйгээр хийддэг байсныг дараах баримт нотлож байна. 

Б.Ганхуяг, Ө.Сумъяабаатар нар Зуучлалын хөлс нэрээр нүүрснээс их хэмжээний ашиг хүртэцгээдэг байжээ гэх нийтлэлд дурдагдсан "Иннер Монголиа Зи Туо Интенрнэйшнэл Трейд" ХХК-тэй гарын үсэг зурж гэрээ байгуулсан хүмүүсийн гарын үсэг

Уг нийтлэлд "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нүүрсний гэрээнээс “Зуучлалын хөлс” авдаг байсан мэтээр бичихдээ сэтгүүлч мэдээллийг олон талт эх сурважлаас нягтлан тодруулаагүй алдаа гаргасан нь олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхэд хүрчээ.

Иймд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хүлцэл өчиж, Б.Ганхуяг тус асуудалд холбоогүй болохыг үүгээр залруулан мэдэгдэж байна. 

Нүүрс тээвэрлэх гэрээнээс Зуучлалын хөлс авдаг байсан гэх асуудлаар тус компанийн өмнөх удирдалага Б.Ариунболд, Б.Сумъяабаатар нар өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд Б.Ганхуяг Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод нүүрс борлуулалтын асуудлыг нээлттэй, ил тод болгосон талаар тус компани дахь эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард Б.Ганхуяг тус компанийн гүйцэтгэх удирдлагад томилогдсоноос хойш нүүрс худалдан авагчийг Нээлттэй тендер зарлан сонгон шалгаруулдаг болжээ. Мөн урьдчилгаа төлбөрөөс эхлээд өндөр шалгуур тавьдаг болсон нь томоохон худалдан авагчидтай шууд харилцаж, дундаас нь хэн нэгэн зуучлал хийх боломжийг хаасан байна. 

NEWST.MN САЙТЫН РЕДАКЦИ