2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв
2020.08.27

2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.27\ хуралдаанаар “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр баталлаа. 

Төсвийн зардлын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. 

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгрт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнасан байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц,Даваасүрэн, Ё.Баатарбилэг, Х.Баделхан нар  асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг гишүүдийн олонхи дэмжиж уг тогтоолын төсөл батлагдлаа.