Л.Оюун-Эрдэнэ Төрийн албанд шинэ салхи орууллаа
Монголын төр, нийгэмд шударга ёс тогтоохоор хэдэн залуу гишүүд нэгдэн тэмцэж байсан цаг саяхан санагдах ч бас чиг гурван оныг ардаа орхижээ.Ямартай ч тэд шударга ёсны хөрс суурийг тавьж чадсан нь олон зүйлээс ажиглагдаж байна.
Үүний нэг тодхон жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албаны дүрэм”-ийг улс төрийн болон төрийн хууль болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар манлайлан ажилласан нь нэгэнт дэмжигдлээ. Одоо УИХ-аар эцэслэн шийдвэрлэж таарна. Тэгэхээр УИХ-ын аль нэг гишүүн, хэн нэгэн сайд томилгоо хийдэг байдал талаар болно гэсэн үг.
Тодотговол сайд нар томилгоо хийх бус хүний нөөцийн захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгдөг болно. Харин Төрийн албаны зөвлөл тодорхой хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагчийг тодруулан батлах зарчим юм. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс ийм зарчим мөрдөгдөж байгаа гэх хүн цөөнгүй гарах ч үүнийг нарийн хуульчилж өгсөн зүйл байхгүй учраас байдал хэвээрээ л байна.
Түүнээс бус манайд нэг бичигдээгүй хууль бий. УИХ-ын гишүүний сонгуулийн ажилд зүтгэсэн, дэмжигч нөхрийг Төрийн албанд татаж томилдог. Салбар яамны сайд томилогдсон даруйд мөн л танил талаа татаж, садан төрлийн хүрээнд томилгоо хийдэг. Ийм замаар томилогдож ирсэн хүмүүст мэргэжилтэй мэргэжилгүй, чадвартай чадваргүй гэх мэт асуудал төдийлөн хамааралгүй гэхэд болно. Тэд ажлаа мэргэжлийн түвшинд ёс зүйтэй гүйцэтгэх гэж мэрийхээсээ илүүтэй танил тал, садан төрөлдөө найдна. Тэд сахилга алдсан ч томилсон сайд, УИХ-ын гишүүн нь өмгөөлнө гээд төрийн албанд садан төрлийн гинжин хэлхээ тасрахааргүй гагнагдсан байв.
Тэр тусмаа дарга, сайд нарын хүүхдүүд ямар ч шалгуургүйгээр төрийн өндөр дээд албанд очдог байдал хавтгайрлаа. Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилга дор энэхүү гинжин хэлхээ тасрах найдвар нэгэнт бий болжээ. Эгэл ардын чадвартай, мэдлэгтэй, боловсролтой залууст энэ хууль боломж нээж өгч байгаа юм. Мэдээжийн хэрэг, төрд амь бөхтэй олон жил оршиж ирсэн энэ мэт зүйлийг нураахад хувь улстөрчөөс чамгүй хат шаардах зүйл. Улстөрчдийн эсэргүүцэлтэй тулахаас эхлээд олон зүйл бий. Гэхдээ л үүнийг залуу сайд манлайлан хийхээр нэгэнт зориг шулуудсан нь сайшаалтай.
“Төрийн албаны дүрэм”-ийг улс төрийн болон төрийн хууль болгохоор төрийн албан хаагчид өөрийнхөө хөрөнгө орлогод мэдүүлээгүй, нотолж чадаагүй бол хөрөнгийг хэрхэн шийдэх тухайд ч тодорхой болох юм. Өнөөдөр гэхэд л хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй хөрөнгөтэй төрийн өндөр дээд албан тушаалтан олон байгаа ч яаж ч чаддаггүй. Мөн төрийн албан хаагч захиргааны ажилчидтай хууль дүрэм нь адилхан байх гээд олон эерэг зүйл туссан байгааг ч дурдсан байна лээ. Тухайлбал казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж болж байгаа ч УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх эрх зүйн орчин байхгүй. Халдашгүй дархан эрх хэмээх хөшигний араар алдаатайгаа нуугдаж чадаж байна.
Өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ сайд Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдүүлж байв. Гэхдээ энэ нь Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан болохоос УИХ-аар хуульчлаад эцэслэн баталсан зүйл алга. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталснаас хойш төдийлөн гар хүрээгүй. Ямартай ч энэ хуульд салхи орж, дорвитойхон шинэчлэл хийгдэх юм байна.
Ерөөсөө аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид учраас үүнийг хатуу хуульчлах нь туйлын зөв гэдгийг хаа хаанаа зөвшөөрч байна. Гэтэл төрийн албан тушаалтнуудын мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нь элбэг болсон учраас яах аргагүй цэгцлэх зүйл мөнөөс мөн.
Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон даруйд ширээ сандлын асуудал ярьсангүй. Монгол Улсын өнгөрсөн 30 шахам жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж эхэлсний нэг томоохон ажил өдгөө биеллээ олох шатандаа иржээ. Үүнд хамаарах хөгжлийн бодлогын асуудал, хүний нөөц, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал голлож байгаа нь сайшаалтай. Түүний эхлүүлсэн олон л ажил бий байх. Гагцхүү төрийн албанд амь бөхтэй оршиж байсан олон сөрөг зүйлийг бодлогын чанартай цэгцэлж байгаа нь бүрэн улсын асуудал юм шүү.