Х.Нямбаатар: Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэх мэт шалтгаанаар тухайн хүний байдлаас харгалзан, ажил гэр хоёрын хооронд зорчих боломжтой байхаар ялыг ногдуулах юм байна.
Цахим гав, технологи ашиглан энэхүү ялыг эдлүүлэх боломжтой бөгөөд өмнөх сайдын үед Экзим банкнаас 14.6 сая доллар буюу 39.2 тэрбум төгрөгийг зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхээр тохирсон байсныг зориулалтыг нь өөрчлөхөөр хүсэлт гаргасан гэв.
Тодруулбал, энэ мөнгөн дүнг хэд дахин бууруулж, хамгийн сүүлийн үеийн технологиор уг ялыг хэрэгжүүлэхээр судалж байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулах юм байна.
Мөн хорихоос бусад төрлийн ялын хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулан нийтэд тустай ажил хийх ялыг томоохон бүтээн байгуулалтад оролцох, гаргасан хохирлыг нөхөн төлүүлээд зогсохгүй, өөрт хуримтлал үүсгэх боломжтой байхаар эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм байна.
Эрүүгийн хууль тогтооомжийг боловсронгуй болгох хүрээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хууль бус ард нийтийн санал асуулга явуулах зэрэг зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцох зэрэг зохицуулалтыг тусгахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөль оруулах тухай, зөрчилд тооцох үйлдлийг тодорхой хэмжээнд бууруулах, шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох үүднээс Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна гэдгийг тэрбээр мэдээллээ.