2020.07.08
Ц.Мөнх-Оргил: Татварын бодлогыг богино хугацаанд улам сайжруулах шаардлагатай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“Сайдаар томилогдож байгаа хүмүүстээ баяр хүргэе. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд татварын шинэчлэл хийсэн. Гэхдээ ганц нэг зүйл дутуу байна. Үүнийг 1 жилдийн дотор 2-3 чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
-
Хэрэглээний татварыг шинэчилмээр байна. Хэрэглээг эрүүл буюу ердийн, тансаг, эрүүл бус хэрэглээ гэж хувааж үзээд татвараа зохистой тогтоох хэрэгтэй. 21-р зууны хэрэглээнээс тансаглал хэтрээд байна. Сингапурт л гэхэд машины моторын багтаамжаас хамаарч 100% хүртэл татвар байдаг. Машин унуулахгүй гэж байгаа бус эрүүл бус, ихийг хэрэглэх бол тэр хэмжээнийхээ татварыг л төл гэж байгаа юм. Орж ирэх хөрөнгийг нийтийн тээвэртээ ч зарцуулах боломжтой. Эрүүл бус буюу архи тамхи, сахарын хэрэглээг хязгаарлаж эрүүл хэрэглээтэй болгохын тулд татварын зааг хэмжээг тогтоох нь зүйтэй.
-
Бид үйлдвэржилт, ажлын байр гэж их ярьдаг. Үүнийг хамгийн их боомилж байгаа нь татвар юм. 100 төгрөгийн тоногт төхөөрөмж оруулж ирэхэд 5% гаалийн импорт, 10% НӨАТ төлнө. Ингэхдээ 100 төгрөг дээрээ 5% гаалийн татвараа нэмээд 105 төгрөгөөс 10% НӨАТ төлнө. Эндээсээ 5% импортоо нэмэхээр 100 төгрөгөөс 15,5 төгрөг нь хил дээр юу ч болж амжихгүй гараад явчихаж байгаа юм. Энэ бол дэмжлэг биш юм.”