УИХ-ын даргаар Г.Занданшатарыг 100 хувийн саналаар томиллоо
УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан томиллоо.
Саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Г.Занданшатар нь 2019 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын даргаар томилогдож байсан юм.
УИХ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл буюу олонхоос УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр заажээ.
УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын даргыг сонгох асуудлаар хэлэлцүүлэг явуулахгүй байхаар заасныг хуралдаан даргалагч, ахмад гишүүн Х.Баделхан танилцуулав. Ингээд гишүүдийн хурууны хээг төхөөрөмжид хараахан бүртгэж амжаагүй байгаа тул гар өргөж санал хураалаа.
Хуралдаанд оролцсон 76 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилох тогтоол батлагдлаа.
УИХ-ын даргын томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж,
энэ удаагийн дөрвөн жилийн парламентад Монгол орны эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа, бүх хүчээ дайчилна гэж найдаж байгаагаа дуулгав. Тэрээр, эрх баригч нам УИХ-ын 2020 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэх боломж УИХ, Засгийн газрын түвшинд бүрдсэнийг тэмдэглээд амжилт хүслээ.