Төлөвшлийн жишээ буюу хувиршгүй чанар (таталбар хөрөг)
2010.09.28

Төлөвшлийн жишээ буюу хувиршгүй чанар (таталбар хөрөг)

Ц.Цэнгэл гишүүнийг гаднаас нь хараад, ганц хоёр үг солиод амархан нээхгүй. Ширүүн юм шиг. Эсрэгээр энгийн, зөөлөн ч харагдах. Заримдаа энэ нөхрийн амнаас үг унадаг болов уу гэмээр дүнсийнэ. Харин дотогшоогоо бясалгадаг хүн гэвэл хол зөрөхгүй болов уу. Цэмцгэр, дипломат харагдах нь ерөөсөө түүний имиж. Тийм болохоор анх уулзсан хүн биеэ жаахан барьж магадгүй. Гэхдээ мань эртэй яг тулаад ярихад хөндий хүйтэн хүн огт биш. Бусдыг нухацтай сонсоно. Зөвлөгөө өгнө. Өөрөөсөө хамаарах хэмжээнд туслана, дэмжинэ. Заримдаа бүр төрийн түшээ хүнтэй биш жирийн л нэг ах хүнтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм халуун дулаан уур амьсгалыг бий болгож чаддаг. Уг нь хууль тогтоох дээд байгууллагаас гадна Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэм шүү дээ. Гэтэл монгол хүний нийтэч, хүндлэмтгий занг гайхалтай хадгалж үлдсэн нь анзаарагдам мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл улс төр, албан тушаал, алдар гавьяа хүнийх нь хувьд өөрчилж чадаагүй гэсэн үг.

Ц.Цэнгэл гуай юм бүхэнд хошуу дүрээд байхгүй, аливаад туйлын хянуур, ултай суурьтай ханддаг нь гаргаж буй шийдвэр, хэлж буй үгнээс нь тодорхой. Ийм болохоор л төрийн хар хүний ноён нуруутай гэж таних, танихгүй хүмүүс олон жил үнэлж, хүндэлж ирэхээс ч биш яахав. Хэн нэгэнтэй хэрэлдэж уралцах нь ховор доо. Бараг байхгүй гэхэд болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болоод байнгын хороодын хуралдаан дээр хашгирч зандарч байсныг нь лав санахгүй юм. Гэхдээ нийтийн эрх ашгаас гажууд асуудал ороод ирвэл манай нам, танай гэлтгүй хэнийг ч хамаагүй ширүүхэн гөвөхөөс буцахгүй.

Ц.Цэнгэл гуай ард түмний амьдралыг сайн мэднэ. Тиймдээ ч тойргийнхоо иргэдийн эрүүл мэнд, боловсрол гээд ер нь л нийгмийн асуудалд төрийн түшээ хүний хувьд байна санаа тавьж, дэмжин тусалж ирсэн талаар Булганыхан сэтгэл хангалуун ярьдаг юм билээ. Одоо ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг нэн даруй батлаж, эрдэс баялагийг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө байгаа хүмүүсийн нэг. Учир нь ард түмэн байгалийн баялгийн үр ашгийг хүртэнэ. Үр дүнд нь улсын эдийн засаг сайжрана, иргэдийн орлого өсч, ядуурал буурна. Дагаад амьдралд итгэх итгэл нэмэгдэнэ. Төр засгаа дээдлэх ухамсар сэргэнэ… “Таван толгойг” монголчууд өөрсдөө 100 хувь эзэмших нь зөв гэдэг байр сууриа шинжлэх ухаанчаар илэрхийлж буй хүний нэг бол яах аргагүй Ц.Цэнгэл. Мөн эрчим хүчний тусгаар тогтнолын талаар хамгийн их санаа зовж, энэ чиглэлээр төр засагт хатуу шүүмжлэлттэй ханддаг улстөрч гэвэл түүнийг л нэрлэнэ. Өөрийнх нь хамгийн сайн мэддэг салбар болохоор аргагүй л дээ.

Ц.Цэнгэл гуайн амьдралынхаа мөрлөг болгосон гол зарчмынх нь нэг бол “Шударга байж гэмээнэ төрд ажиллах ёс суртахууны эрхтэй” гэдэг хөдлөшгүй байр суурь юм. Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар хоёр жил орчим ажилласных нь дараа түүнтэй хамтран зүтгэж явсан нэгэн хүнтэй таарлаа. Хэд гурван үгийн солионд мань хүн ярьж байна. “Манай экс сайд их шударга. Заримдаа бүр ямар аймаар хэнхэг хүн бэ гэж бодмоор. Идэж уух, илүү дутуу харна гэж ёстой гонжийнжоо” гэж ирээд л авч өглөө. Үнэндээ энэ бол ганц нэг хүний үнэлэмж биш төр, нийгмийн зүтгэлтнийхээ хувьд Ц. Цэнгэлийн төрд зүтгэсэн олон жилийнхээ хугацаанд олж авсан капитал билээ. Ер нь шударга бус аливаа үзэгдэлд хамгийн их эгдүүцдэг хүн бол Ц.Цэнгэл.

Санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ийм хүнд хэцүү үед төсвийн зардлыг багасгах шийдвэр зарим газар хэрэгжихгүй, үргүй зардал урссаар байгаа талаар хамгийн их ярьж хэлж байгаа. Ц.Цэнгэл гуай хоёр хүүхэдтэй. Тэд өндөр боловсрол эзэмшээд бүгд биеэ даацгааж. Ийм хүний ар гэрийн асуудал бага нь мэдээж. Нэг ёсондоо төр, ард түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэхэд саад болох зүйл аль хэзээ ард нь хоцорсон гэсэн үг л дээ. Ерөөсөө олон улсын парламентын жишгээс харахад мэргэшсэн улсууд, өөрөөр хэлбэл 50-иас дээш насныхан хууль тогтоох байгууллагад орж ирдгийг бид мэднэ. Ахмадуудын ажил, амьдралын арвин туршлага, өндөр боловсрол мэдлэг дээр дулдуйдах нь улс орны хөгжилд хэрэгтэй болоод л тэр юм болов уу даа. Тэдэнд гэрээ засах шаардлага үгүй болохоор авлигад автана гэж айх шаардлагагүй. Дээр нь нийгмийн аль ч насныхны эрх ашгийг хамгаалж чаддаг.

Нэг ёсондоо оюун санаа, үзэл бодол, санхүүгийн хувьд бүрэн төлөвшсөн гэсэн үг. Энэ шалгуураар үзвэл Ц.Цэнгэлд төрд зүтгэх боломж цаг хугацааны хувьд дуусах яагаа ч үгүй байна. Ц.Цэнгэл гуайн өндөр мэдлэг, оюуны чадавхийн ачаар Монгол Улс, монголчуудад ашигтай маш олон хууль тогтоомж батлагдсаныг хэн ч мартах ёсгүй.

Нэгэн жишээ: Тээврийн тухай, Тендерийн тухай, Ашигт малтмалын тухай, Далай ашиглах тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой олон хууль батлагдахад Ц. Цэнгэлийн нөмөр нөөлөг, хувь нэмэр асар их орсон гэж байгаа. Ерөөсөө гүнзгий онолч мэдлэг, практик ухаан нь шавхагдашгүй гэдэгтэй хэн гуай ч маргахгүй болов уу. Түүнчлэн ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсний үр дүнд хатуу хучилттай замын урт 500 км-ээр нэмэгдсэн, шуудангийн индексийг шинэчлэн шуудангийн нэгдсэн код /зиб/-ыг боловсруулсан зэрэг нь ердөө бодит хийгдсэн ажил.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.