Соёмбот үсгийн дурсгал хийгээд соёмбот тамга
2010.04.05

Соёмбот үсгийн дурсгал хийгээд соёмбот тамга

Соёмбо үсгийг 1686 онд Халх Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар зохиохдоо  төр шашны хоёр тусыг бүтээхээр зорьсон гэдэг. Шашин номын тус нь Энэтхэг, Төвд, Монгол гурван хэлний судар номыг алдаа мадаггүй бичиж хэвлэх явдал байжээ. Төр улсын тус нь алив албан хэрэг хувь хүний ч бичгийн бүх хэрэгцээг хангахаар бүтээжээ. Гэвч цагийн бэрх хэцүүгээс шалтгаалан төдий л дэлгэрч амжсангүй.  Хэдий тийм боловч огт хэрэглэлгүй орхигдсон биш билээ. Ялангуяа сүм хийдийн хүрээнээ хэрэглэсээр ирсэн. Харин төрийн албан хэрэг хөтлөж байсан баримт одоогоор олдоогүй байна.  Энэтхэг, Төвд Монгол гурван хэлээр шашны холбогдол бүхий нилээд ном бичмэл барласан нь бидний үед уламжилсан буй. Үүнд үлэмж том номууд ховор хомс боловч өчүүхэн жижиг биш ном цөөнгүй болой.  Бас элдэв тарни, тахилын шүлэг, номын гарчиг, сүмийн хаяг, хувь хүний нэр бүхий номын болон гарын тэмдэг маш олон. Эдгээр нь гар бичмэлээр хийгээд бар хэвлэлийн дармал дардсаар болон эхээр ч байдаг.

Бас нэгэн чухал тэмдэглэх зүйл бол Соёмбо үсгийн эхлэх тэмдэг буюу одоогийн манай улсын туг далбаа, сүлд шүтээнээ буй соёмбо нь хамгийн чухаг дурсгал билээ. Энэхүү гүн гүнзгий утга агуулга ур ухаан шингээсэн Соёмбо тэмдгийг анхандаа зохиогч өөрийн мутрын тэмдэг болгон хэрэглэж ирсэн гэдэг.

Хожим 1911 онд Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын  албан ёсны сүлд шүтээн, туг далбаа, тамга тэмдэгт залагдснаар  машид түгээн дэлгэрснийг бүгд мэднэ. Чухам энэ үеэс эхлэн соёмбот тамга албан бичиг баримтын нэгэн салшгүй хэсэг болсон юм. Үүнээ хамгийн түрүүнд "Шашин төрийг хослон баригч Наран Гэрэлт Богд Хааны тамга" гэсэн гурван хэлээр, гурван үсгээр бичсэн  хаш тамгын соёмбо үсгээр самгарьд хэлээр бичсэн үгс нь эхний эгнээнд буй. Түүнээс дараалан алт, мөнгөн том жижиг олон тамганд соёмбо тэмдэг одоо болтол хэрэглэсээр байна.

Иймд соёмбо үсгийн  эхлэх тэмдэг нь Монгол Улсын  нэрийн хуудас төдийгүй  Монгол албан бичгийн эрхэм дээд баталгаажуулагч баримт дурсгал мөн болой.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.