Л.Болд: Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилгаар 2020 оны улсын төсөвт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гудамж талбайд эрх зүйн хэрэг зөрчлийг илрүүлэх хөдөлгөөнт эргүүлийн иж бүрэн тоноглогдсон гурван автомашиныг хүлээлгэн өгөхөөр тусгагдсан аж. Тэгвэл өнөөдөр /2020.05.20/ 19-63 УАК, 19-83 УАК улсын дугаартай эргүүлийн хоёр автомашиныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст УИХ-ын гишүүн Л.Болд хүлээлгэн өглөө.
Цагдаагийн байгууллагын авто баазын хүчин чадлыг ийнхүү нэмэгдүүлж өгснөөр аливаа гэмт хэрэг, зөрчлийг эрт илрүүлэлт, хүрэлцээнд чухал ач холбогдолтой болохыг холбогдох хүмүүс онцолж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн дөрвөн жилд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Нарийвчлал сайтай иж бүрэн камерын хяналтыг Яармаг орчмын хэсгүүдэд байрлуулсан нь гэмт хэргийн бууралтад чухал нөлөө үзүүлсэн. Мөн энэ жил Хан-Уул дүүргийн хэмжээнд хүүхэд осол, аваарт өртөхөөс сэргийлсэн хүүхэд хамгааллын системийг нэвтрүүлсэн. Үүнийг хянан ажиллахад цагдаагийн байгууллагын унаа машин хуучирсан, хүч хүрэлцдэггүй зэрэг хүндрэлүүд байсан. Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцлийг парк шинэчлэлийн ажлаар шийдэж чадах юм” гэв.
Парк шинэчлэлийн ажлын ач холбогдлын талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Д.Манлайбаатар “Хөнгөн, шуурхай шатахуун бага зарцуулдаг автомашинтай болсноор иргэдэд үйлчлэх хүртээмж ихэснэ. Түүний хэрээр аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох өндөр ач холбогдолтой. Парк шинэчлэлийг хийнэ гэдэг нь цагдаагийн албаны бэлэн байдал, иргэдэд үйлчлэх үйлчилгээ сайжирна гэсэн үг юм” хэмээн тайлбарлав.
Тус цагдаагийн хэлтэс хоногт дунджаар 110-150 дуудлага мэдээллийг хүлээн авч, 6-8 автомашинаар ажилладаг байна. Энэ үед дуудлага давхцах, гэмт хэргийн үйлдлүүдийн үзлэг шалгалтад явах эргүүлийн автомашин хуучирсан тул эвдрэл, саатал гарах, бензин шатахуун их зарцуулах зэрэг хүндрэл үүсдэг байжээ. Харин эргүүлийн хоёр автомашин нэмэгдсэнээр тухайн хүндрэлүүдийг шийдэх боломж бүрдэж байгаа аж.