2009.09.24

ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд нэг долгионоор ярьдаг аж

Кремлийн нэрт орчуулагч Виктор Сухордеров олон төрийн нүүр үзсэн нэгэн. Тэрбээр ЗХУ-ын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын орчуулагч байжээ.
Сухордеров хэвлэлд өгсөн ярилцлагадаа “төрийн тэргүүнүүдийн яриа хэв маягт төрөлх нутаг, уламжлал нөлөөлдөг. Хувь хүний онцлог ч энд хамаарна. Оросын төрийн томчууд жирийн үед киноны баатрын үгийг хэрэглэдэг ч албан байдалд гүн ухаантан, түүхчдийн хэлсэн үгнээс иш татах дуртай. Гэтэл АНУ-д эсрэгээрээ өндөр албан тушаалтнууд энгийн хүмүүс ойлгомжтойгоор учирлан ярихыг илүүд үздэг” хэмээжээ.

ЗХУ-ын удирдагчид маш нуршуу, сунжирсан илтгэл тавьдаг байсныг манайхан сайн мэднэ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн илтгэлийг бэлддэг мэргэжилтнүүд жирийн иргэдийн амьдралаас жишээ татдаг. Энэ нь ч америкчуудын их таалагддаг гэнэ. Ер нь АНУ-ын төрийн түшмэдийн илтгэл нь ярианы хэв маягийг агуулсан байдаг аж.
ЗХУ-ын удирдагчдаас хамгийн анх Никита Хрущев цаас харалгүй ярьсан гэдэг. Орчуулагч Суходеров “Хрущев 50 жилийн өмнө АНУ-д 13 өдрийн турш төрийн айлчлал хийжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхауэр харин Хрущевоос тэс өөр хүн бөгөөд насаараа цэргийн алба хашсан тул илтгэх, ярих чадвараар таруу нэгэн байсан гэдэг. Гэхдээ уйтгартай Эйзенхауэр, хөгжилтэй Хрущевт адил төстэй нэг зүйл байсан нь хоёулаа маш их алдаатай ярьдаг байжээ. Эйзенхауэрын хийсэн хэвлэлийн төлөөлөгч нь ерөнхийлөгчийнхөө үнэнээс хол зөрүүтэй яриаг залруулах гэж сэтгүүлчдэд удаан тайлбарлах шаардлага гарч байжээ.
Хэлгий, талтираа яриа, үг алдах, андуурах эндүүрэх нь хэнд ч байх зүйл. Харин төрийн тэргүүний иймэрхүү үйлдэл түүхэнд тэмдэглэн үлддэг. Орчуулагч Суходеров “Зөвлөлтийн удирдагчид бараг бүгд төрөлх хэлээ муу мэддэг байсан. Дээд удирдагчдаас зөвхөн Косыгий л дээд боловсролтой, бусад нь сайндаа л Намын дээд сургууль төгссөн. Бодол санаагаа ойлгомжтой, чөлөөтэй илэрхийлдэг ЗХУ-ын анхны удирдагч нь Горбачев. Гэвч тэр үгийн өргөлт дээр алддаг. Зарим үгийг тоть шиг давтдаг зуршилтай. Тэдний дэргэд Путин өндөр боловсролтой, хэл ярианы баялагтай” гэж магтлаа. Хэдий тийм ч Путин этгээд хэллэгээрээ дэлхий дахинд алдаршсан удирдагч. Тэр бүү хэл Пути, Буш нарыг төрийн эрхэнд байхад “бушизм”, “путинизм” гэсэн ойлголт үүсчээ. Чечений алан хядагчдын жорлонд ч хамаагүй хядаад өг гэж ярих зоригтой удирдагч ЗХУ-д байгаагүй. Тэд ард түмнээсээ тасарсан болохоор ийм этгээд хэллэг мэддэггүй байсан биз.


Ард түмэн мэдээж, төрийн тэргүүнээ ойлгомжтой хэллэгээр ярихад дуртай. Гадаад улсын байсан ч тэр. Иймээс л Хрущев 1959 онд Америкчуудад таалагджээ. Тэр бэлдсэн текстийг уншиж байснаа “би ерөөсөө сэтгэгдлээ ярья” гэдэг байв. Америкчууд түүнээс шоу хүлээж байсан, тэр ч үзүүлээд өгсөн. Түүний “кузькинамать”, НҮБ-ын индерийг гутлаараа балбасныг дурдахад л хангалттай. Хрущевийн айлчлал дуусах хэрд АНУ-ын сонинууд “Хрущев АНУ-ын аль ч түвшний сонгуульд нэрээ дэвшүүлсэн ялж чадна” гэж магтаж байв.
Суходеров АНУ, ЗХУ-ын өнөөгийн төрийн тэргүүнүүдийн талаар ам сайтай байна. Түүний үзэж буйгаар Медведев, Обама нар нэг долгионоор ярьдаг тул хэлэлцээр амжилтгүй болсон ч харьцахад амар гэнэ. Бас хоёулаа “дахин ачаалах” гэх зэрэг адил нэр томьёо хэлэх дуртай. Медведев төрөлх хэлээ төгс эзэмшсэн бол, Обама алдартай уран илтгэгч хүн.
Медведев анх гарч ирсэн үеэ бодвол одоо өөртэй итгэлтэй, илүү шийдэмгий болсон нь илт харагддаг. Нэг удаа удирдагчдыг улстөрийн эрэмдгүүд гэсэн билээ.
Путин, Буш нарыг орчуулагч ихэд онцолж байна. Тэд содон, этгээд хэллэгт дуртай, олны өмнө хошигнох алиалах дуртай билээ. Иймээс ОХУ-ы ГХЯ ба төрийн департаментын харилцаа хурцадсан үед ч тэдний харилцаа харагддаг байсан аж. Гэхдээ л Буш дандаа л теле суфлер харж уншдаг ба хааяа өөрийн санаачлагаар ярихдаа ээлжит “бушизм”-аа айлдчихдаг байсан. Харин Ельцин, Клинтон нар нэрт орчуулагчид онцгой сэтгэгдэл үлдээгээгүй гэнэ. Баавгай шиг шулуухан Ельцин богино өгүүлбэрээр ярьдаг байсан бол өндөр боловсролтой Клинтон хэзээ ч хэл ярианы алдаа гаргадаггүй. Гэхдээ сексийн тал дээр Клинтоны ингэж хэлэх аргагүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.