"COVID-19" халдварын үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин хандивлалаа
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагаас “Ковид-19” халдварын үед өвчтөн тээвэрлэх зориулалт бүхий иж бүрэн тоноглогдсон автомашиныг өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд хандивлалаа.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Онцгой комиссын дэд дарга Н.Энхболд, БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруй, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо.
“IVECO” маркийн 350.000 юанийн өртөгтэй энэхүү сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин нь халдвартай өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэх зориулалттай бөгөөд энгийн түргэн тусламжийн машинаас олон талын ялгаатай аж. Тухайлбал хүчилтөрөгчийн суурин болон зөөврийн баллон, “Aricon” брэндийн зүрхний цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, “ALL6001A” брэндийн зөөврийн амьсгалын аппарат, дефибриллятор буюу зүрх дэмжигч аппарат, хяналтын дэлгэц зэрэг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг суурилуулсан нь өвчтөнийг тээвэрлэх явцад эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн халдварт өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэх үед сөрөг даралт нь автомашин доторх агаарыг шүүж, нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлэн гадагш гаргаснаар эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулах боломжтой юм байна.
Арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагаас коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг ханган, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр маш сайн ажиллаж байгааг онцолж эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан N95 шүүлтүүртэй амны хаалт 5000 ширхэгийг ЭМЯ-нд хандивласан юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон халдварт цар тахлын үед нэг нэгнээ гэсэн тусламж, дэмжлэгт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эдгээр шүүлтүүртэй амны хаалтыг ХӨСҮТ, НЭМГ болон бусад холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан хүргүүллээ.