Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хууль дахь ард түмний оролцоог хангана
Монгол Улсын Үндсэн хууль нь манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа бөгөөд 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, дагаж мөрдсөнөөс хойш 27 жил өнгөрч байна. Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэх зорилтыг хууль, тогтоомжид тусгасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байсан ажлын хэсгүүд болон эрдэмтэн судлаачид, иргэдээс тодорхой санал дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал дүгнэлтээ гаргасан байна.
Эдгээр санал дүгнэлтийг үндэслэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталж, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага нь Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх-асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна.
Анхдугаар зөвлөлдөх санал асуулга болон зөвлөлдөх уулзалтын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн болно. Иймд цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга юм. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдан хэрэгжиж байсан бөгөөд энэ хуульд санал асуулгыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулахаар, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл бусад үед санал асуулга явуулж болохоор хуульчилсан байсан. Өөрөөр хэлбэл, ард нийтийн санал асуулгыг сонгуультай хамтатган явуулахад санал асуулгыг зарлах хугацаа заагаагүй байсан.
2016 онд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж санал асуулгыг товлон зарлах хугацааг тогтоосон байна.
Ард нийтийн санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй. Санал асуулгын нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй санал өгөх иргэнтэй байх бөгөөд нэг хэсэгт байх санал өгөх иргэний тоо 200-аас доошгүй байна.
Ц.Соёлмаа