Төсвийн гүйцэтгэлийг хянах ажлын баг байгуулав
2020.04.13

Төсвийн гүйцэтгэлийг хянах ажлын баг байгуулав

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах ажлын багийг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулах болжээ.

Уг ажлын баг гадаад худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, ажлын үр дүнд хяналт шалгалт хийх аж. Мөн зөвлөлөөс “COVID-19”2ийн үед яаралтай хэрэгжүүлэх 5 бүлэг, 38 зүйл бүхий тогтоолын төслийг нэн даруй хэлэлцэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх болжээ. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, түүнд зарцуулах хөрөнгийн судалгааг ойрын хугацаанд гаргаж, зөвлөлөөр хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг өнгөрсөн оны 12 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс НӨАТ-ыг бууруулах нь чухал алхам болно гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах үедээ онцлов. Тэрбээр, “МАН-ын зарим гишүүд НӨАТ 10 хувь, буцаан олголт 7 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй” хэмээв.