2020.04.07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.07/ хуралдаан 15.20 цагт эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы хуралдаанд цахимаар оролцлоо.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар таван хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж буй юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
“COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байна.