2020 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ
Улсын Их Хурлын хаврын чуулган өнөөдөр /2020.04.06/ 12 цаг 00 минутад 75 хувийн ирцтэй эхэллээ. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Монголын төр засгаас оновчтой, цаг алдалгүй арга хэмжээ авахын сацуу иргэн бүр үүргээ ёсчлон биелүүлж байгаад талархалтай буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээх үеэрээ цохон тэмдэглэв.
Тэрбээр, "Монгол Улсад шинэ коронавирус дотоодоос илрээгүй, гаднаас зөөвөрлөгдөж ирсэн 15 тохиолдлыг сайн эмчилж чадсаны үр дүнд түрүүчээсээ эдгэрч, хайртай хүмүүстэйгээ учирч байна. Эмчийн тангарагаа сахин биелүүлж шинэ коронавирусийг оношилж эмчилж байгаа Ц.Чинбаяр, Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидент нарын баг болон тусгаарлах байранд ажиллаж байгаа нийт эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлье.
Чуулганы эхлэхийн өмнөхөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар холбогдож, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт хоёр хүнийг эмчилсэн. Сайд нь харьж амсхийх санал тавихад энэ хүмүүсээ эмчилж үр дүнг нь хармаар байгаагаа илэрхийлж, ар гэрээсээ зөвшөөрөл авсан гэдгээ дуулгасан. Улс орны санхүү ямар байгааг ойлгож байгаагаа тэмдэглэж, эм эмнэлгийн хүрэлцээ хангамжид анхаарах санал хэлж байгаад нь бахархах, хүндэтгэх сэтгэл төрлөө. Эрүүл энхийн манаанд зогсож байгаа Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны эмч, мэргэжилтэн, Д.Нямхүү захиралтай ХӨСҮТ-ийнхөн энэхүү хуралдаанд цахимаар холбогдож байгаад талархал илэрхийлье.
Төрийн шийдвэрийг сахин албаны үүргээ биелүүлж байгаа цагдаа, цэрэг, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа мөн хууль тогтоох дээд байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Монгол хүний эрүүл мэнд, саруул ухаанаар үлгэр дуурайл үзүүлж, хатуу дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө ажиллахыг нийт төрийн албан хаагчдадаа уриалъя" хэмээв.
УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулж байна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдах бөгөөд хамгийн түрүүнд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг онцгой дэглэмжийн үед цахимаар хуралдуулж болох эрх зүйн үндсийг тогтоох юм.
Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга индрээс үг хэлж байна.
Хаврын чуулганы хуралдаанаар:
- УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
- “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах ажлын байрыг хадгалах
- Эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал
- Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцнэ.