Дарханд 50 ортой эмчилгээ сувилгааны нэгдсэн төв 6-дугаар сард шиглалтад орно
2020.03.27

Дарханд 50 ортой эмчилгээ сувилгааны нэгдсэн төв 6-дугаар сард шиглалтад орно

Дарханы ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, эмчилгээ сувилгаанд хамрагдах боломж бүрдэж буй таатай мэдээлэл дуулгая. Тодруулбал Дархан сумын Ахмадын хорооны дэргэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгтэйгээр 50 ортой эмчилгээ, сувилгааны нэгдсэн төв ашиглалтад орно.

Тус төвийн барилгын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймаг орон нутгийн удирдлагуудын хамт танилцлаа. Улсын төсвийн нэг тэрбум зургаан зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлын явц 80 орчим хувьтай байгаа талаар гүйцэтгэгч “Дорнын өргөө” ХХК компанийн төлөөлөл мэдэгдлээ. Одоо 30 гаруй ажилтантайгаар засал, гадна пасадны ажлыг гүйцэтгэж байна.

Герентологийн төв нь эмчилгээ, сувилгааны тасаг, фитнес танхим, номын сан, эмч нарын өрөө, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөнүүдээс бүрдсэн 4 давхар барилга юм. Санхүүжилтийн хувьд бүрэн шийдэгдсэн бөгөөд тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 150 сая төгрөгийг улсын төсөвт суулгасан.

Барилгын ажлыг дуусгах хуваарийн дагуу ирэх 6 дугаар сард хүлээлгэж өгөх ёстой ч УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг очих үед гүйцэтгэгч компани 5 дугаар сарын 20 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа таатай мэдээлэл өгсөн билээ.

60 жилийн түүхтэй их хотын ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх төвтэй байх ёстой, аймаг орон нутаг, улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан тэдний гавъяаг мартах учиргүй харин үнэлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дурдаж байсан.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд учирч буй ганцаардал гэдэг сэтгэлийн өвчин ахмадуудад маань битгий тулгараасай, хамт олонтой байж сэтгэл санаагаа хуваалцдаг, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс нэн тэргүүнд шаардлагатай 12 сая төгрөгийн төнөг төхөөрөмжийг хувиасаа аймгийн Эрүүл Мэндийн Газарт хүлээлгэж өгсөн.