
Монгол Ардын намын бага хурал онлайнаар хуралдлаа
Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.
Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай.
Тиймээс МАН онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлахаар хэлэлцэж байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нараар удирдуулах шийдвэр гаргажээ.
Энэ дагуу УИХ-ын даргын өрөөнөөс хурлыг зохион байгуулж, улс даяар нийт 37 хэсгээс санал аван, цахимаар хуралдаж байна.
МАН-ын Бага хурлын эрхтэй 357 гишүүн байдгаас өнөөдрийн хуралд 326 нь оролцохоор болжээ.