Д.Тогтохсүрэн: УИХ-ын дарга АНУ-д айлчлах нь тодорхойгүй байна. Ээлжит бус чуулган зарлахгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-11-ний хооронд АНУ-д айлчлах товтой байгаа.
Гэхдээ АНУ-д шинэ коронавирусийн дэгдэлт өндөр байгаа учраас одоогийн байдлаар УИХ-ын даргын айлчлах эсэх нь тодорхой болоогүй байгаа аж. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-УИХ-ын даргын АНУ-д хийх айлчлал хийх нь хэвээрээ юу?
-УИХ-ын даргын айлчлал эцэслэн шийдэгдээгүй байна.
-Хэзээ эцэслэн шийдэгдэх вэ?
-Яг эцэслээгүй байна. АНУ-ын талаас эцэслэн хариугаа өгөөгүй байна. Одоогоор нөгөө талаас хариу хүлээж байна. Манай талаас бол шууд айлчлалыг цуцалж болохгүй. Энэ нь олон улсын харилцаа, дипломат албаны асуудал. Нөгөө талаас нөхцөл байдал бүр хүнд байгаа Хятад улсад манай Ерөнхийлөгч айлчлал хийсэн. Тиймээс АНУ хүлээж авна гэвэл УИХ-ын дарга явна. АНУ нөхцөл байдал хүнд байна гэвэл явахгүй. Өнөө маргаашгүй эцэслэн шийдэгдэх байх. Гадаад яамаар л энэ асуудлыг ярьж байгаа.
-Хэрвээ айлчлал хийх бол явахаасаа өмнө Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлуулах ёстой гэж байсан. Хэрвээ батлуулах бол ээлжит бус чуулган зарлах уу?
-Соёрхон батлахтай холбоотой асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлэлцээд ерөнхийд нь зөвшилцөхөөр өгсөн. Тэр шатандаа яваа. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлахгүй.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах эдийн засгийн арга хэмжээний талаар УИХ-аар хэлэлцэнэ гэж байсан?
-УИХ-аар хэлэлцэнэ гэж одоохондоо яригдаагүй байна. Эхлээд байнгын хороогоор санал солилцож, ярина. Түүний дараа хэрхэн шийдэх вэ гэдгээ ярина гэдэг байдалтай байна. Төсвийн хүрээнд, байнгын хүрээнд юу хийх вэ гээд олон асуудал бий.