Ё.Баатарбилэг: Оюутан, сурагчид хоёр сарын турш долоо хоногийн зургаан өдрөөр хичээллэнэ
2020.02.19

Ё.Баатарбилэг: Оюутан, сурагчид хоёр сарын турш долоо хоногийн зургаан өдрөөр хичээллэнэ

Засгийн газрын хуралдаанаар хорио цээрийн хугацааг нэг сараар сунгаж, их дээд сургууль, ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 30-наас эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт хийх зохицуулалтын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Ё.Баатарбилэг: 

-"Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байх болно. Эдгээр хичээлийг бэлтгэж хүргэхэд телевизүүдийн 350 гаруй ажилтны хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг бид тодотгох, бас талархах ёстой.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй байхаар зохицуулалт хийж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан. Хичээл эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд Даваагаас Бямба гаригт буюу долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.

Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Цагаан сарын буюу хоёрдугаар сарын 24-28-ны 7 хоногт Иргэний ёс зүйн боловсрол хичээлд суурилан сурагчдад Монгол үндэсний өв соёлын агуулга бүхий теле хичээлүүдийг заахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

  • Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-ний өдрөөс,
  • VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна. 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн" гэв.