Ц.Даваасүрэн: Дэд станциуд ухаалаг болох шаардлагад үндэслэн “WAMS” системийг нэвтрүүллээ
2019.12.25

Ц.Даваасүрэн: Дэд станциуд ухаалаг болох шаардлагад үндэслэн “WAMS” системийг нэвтрүүллээ

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “WAMS” систем нэвтэрч, өнөөдөр нээлтээ хийлээ. “WAMS” нь шилжилтийн горимын хяналт мэдээлэл, удирдлагын нэгдсэн систем юм.

"Тогтворжилт алдагдахаас сэргийлэх автоматик энэхүү систем нь Эрчим хүчний системд үүсч болох бүхий л төрлийн аваарын горимын үед ситемийг тогтвортой авч үлдэх мэдээлэл хүлээн авах, боловсруулах, үйлдэл хийх гэсэн дараалал бүхий алгоритмчлэгдсэн цогц шийдэл бөгөөд 0.02 секунтэд 60 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулж дүгнэх боломжтой" гэдгийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Реле хамгаалалт, автоматикийн алба /РХАА/-ны дарга Ч.Амарсанаа хэлэв. Энэ системийн ажиллагааны хамрах хүрээ, үйлдлийн дараалал, эзлэхүүнийг Эрчим хүчний системийн динамик тооцооллоор тодорхойлдог байна.

Тус системийн нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож "Эрчим хүчний систем бие даасан, тогтвортой, найдвартай байх ёстой. Системийн тогтворжилтыг хангахад “WAMS” систем маш чухал үүрэгтэй. Системийг нэвтрүүлэх ажлыг хийсэн багийнханд талархал илэрхийлье.

Бид 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан. Дэлхий нийт ухаалаг систем, программ хангамж руу чиглэдэг боллоо. Харин манай салбарын хувьд учир дутагдалтай байсан. Энэ жил томоохон дэвшилт гаргаж байгаа нь WAMS юм. Энэ систем нэвтэрснээрээ найдвартай ажиллагаа өснө. Аваарын нөхцөл байдлаа урьдчилан тодорхойлж чаддаг болно. Системээ үнэлдэг болно. Юунаас болов гэдгийг богино хугацаанд тодорхойлдог болно гээд олон талын давуу талтай программ хангамж байгаа. Гол зангилаа дэд станциуд ухаалаг болох шаардлагад үндэслэн “WAMS” системийг нэвтрүүллээ" гэдгийг хэлсэн юм.

Уг системийг дэлхийн 40 гаруй улсад ашиглаж байгаа бөгөөд цахилгаан механик шилжилтийн горимын үед тогтворжилт хэрхэн хангагдаж байгаа нь тодорхой бус, ямар төрлийн шилжилтийн горим, савлалтад тогтворжилтоо алдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа энэ үед тун өндөр ач холбогдолтой юм байна. 2007, 2015, 2018 онуудад гарсан аваарын дараа "Шилжилтийн горимын хяналт мэдээллийн систем” буюу "WAMS"-г нэвтрүүлснээр урьдчилан сэргийлэх боломжтой нь тодорхой болсон гэдгийг албаныхан онцолж байлаа.
“WAMS” систем хэрэгжиж цаашид үе шаттай хөгжүүлсэний үр дүнд дараах үр дүн гарах нь:
  • Шилжилтийн горимын болон реле хамгаалалтын аваар эсэргүүцэх автоматикийн тооцооны үр дүн бодит байдалд ойртож тооцооны үнэмшил цоо шинэ шатанд гарна.
  • Нэгдсэн сүлжээний тогтворжилтийг хангах техникийн арга хэмжээ тодорхой болно.
  • Тогтворжилт алдагдахаас сэргийлэх төвлөрсөн автоматикийн систем бий болно.
  • МУ-ын Эрчим хүчний системийн одоогийн төлөв байдал болон цаашдийн хөгжлийн талаарх судалгаа шинжилгээг өөрийн инженер техникийн ажилтанууд бүрэн хийх чадамжтай болно.
  • Диспетчерийн удирдлага оновчтой, хурдан, зөв шийдэлтэй болох зэрэг үр дүнд хүрэх юм.