УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхдийн эрхийг зөрчиж буй хуулийн  төслөөс нэрээ татжээ
2019.12.20

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхдийн эрхийг зөрчиж буй хуулийн төслөөс нэрээ татжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гарын үсгээр баталгаажсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  өнгөрсөн тавдугаар сарын 3-нд УИХ-ын даргад өргөн барьсан байна.

Уг төсөлд тусгасан “Билгийн тооллын хаврын тэргүүн  сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдаан хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээ насны хүүхэд унана” гэсэн заалт нь маргаан дагуулж байгаа.

Тэгвэл уг хуулийн төслөөс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг албан ёсоор нэрээ татах хүсэлтээ тавдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн юм байна. Тэрээр хуулийн төсөлд тусгасан хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийг эрх зөрчих гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, ёс зүйд нийцэхгүй гэдэг үндэслэлээр нэрээ татсан байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа ямар ч үйлдэлтэй тэмцэнэ. Тиймээс уг хуулийн төсөлд тусгасан хавар хурдан морины уралдаан зохион байгуулах заалттай санал нийлээгүй учраас өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор нэрээ татах хүсэлтээ өгсөн. Хэдий эрийн гурван наадам монголчуудын өв гоёл ч гэсэн өвлийн морин уралдааныг дэмжихгүй. Эрийн гурван наамдын асуудлаа эрчүүд өөрсдөө шийдэг” гэсэн юм.