Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
2019.12.12

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай , хуулийн төслийг хэлэлцлээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зэх зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгон өөрчилсөн байна. Тус хэлэлцээр Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 гишүүн оронтой аж.

Хэлэлцээрийн бүтцийн хувьд АНДХХ нь 3 хавсралтаас бүрдэх бөгөөд 1 дүгээр хавсралтад Үндэсний хөнгөлөлтийн жагсаалт, 2 дугаар хавсралтад гарал үүслийн дүрэм, 3 дугаар хавсралтад гишүүн улс хооронд үйлчилгээний болон барааны худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ерөнхий хэлэлцээрүүд тус тус багтсан.

Түүнчлэн, 2017 оны 1 дүгээр сард Бангкок хотноо болсон АНДХХ-ийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээний 4 дүгээр үе шатыг эцэслэж, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг шинэчлэн баталж, гарал үүслийн шалгуурын тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

АБГБХ-ны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 38 гишүүний 24 буюу 63.2 хувь нь дэмжснээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав.