ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв
2019.12.10

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаан 13 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн: Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гэж байлаа.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд  санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан.  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу 3, 4 дүгээр зүйлийг салгаж тус тусад нь санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 3.4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  

Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.