Ялтан шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас 10 дугаар сарын 08-нд өргөн мэдүүлсэн Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 7 гэрээ (БНХАУ, БНСУ, БНЭУ, Канад, БНКазахстан Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао), мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ (Орос, Турк, Польш, Куба) байгуулжээ. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан байна.
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ" нь 19 зүйлтэй юм. Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж тус гэрээний төслийг үзэглэжээ. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар Ханой хотноо тус гэрээнд гарын үсэг зуржээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.
Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Ингээд "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төслийг дэмжиж, баталлаа.