2019.11.19

Сайншанд суманд Мандах-Наран 1060 айлын орон сууц бүрэн ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангана” гэж тусгасаны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар 2016 оноос "Мандах наран" 1000 айлын орон сууцны барилгын ажлыг “Гантулга трейд” ХХК-иар гүйцэтгүүлж, ашиглалтад орууллаа.

Орон нутгаас орон сууц барих газар олголт, орон сууцны гаднах дэд бүтцийн ажлыг шийдвэрлэн хамтран ажиллаж, 2017 онд Сайншанд сумын 2-р багт "Мандах наран-1" хороолол, 2018 онд Замын-Үүд суманд "Мандах наран-2" хорооллыг ашиглалтад оруулсан бол энэ онд Сайншанд суманд Мандах наран-3, 4-р хорооллыг бүрэн ашиглалтад оруулаад байна.

Мандах наран хорооллууд нь дулаан автомашины граж, зогсоол, хүүхдийн цэцэрлэг, гадаа тоглоомын талбай, үйлчилгээний төвтэй, тус бүр нь 4 блок бүхий 1-3 өрөөний зохион байгуулалттайгаар м2 нь 650,000 төгрөгийн үнэтэй Монгол улсын хамгийн хямд байр юм.

Дашрамд дурдахад аймгийн Нутгийн зөвлөлөөс байруудыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд иргэдийг зорилтот бүлэг болгон хувааж, олон нийтэд нээлттэй сугалаа явуулж байр сонголтыг хийлгэсэн юм.

“Өнөөдөр нээлтээ хийж буй энэ хороололд орохын тулд 2000 хүн хүсэлтээ өгсөн бөгөөд үүнээс гурван цогц 280 айл сугалаагаар орсон тул цаашид энэ төслийн хэрэгцээ шаардлага харагдаж байгаа гэж үзэн үргэлжлүүлнэ” гэдгийг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүн Б.Дэлгэрсайхан онцолсон юм.

“Мандахнаран 4” хорооллын байрны НӨАТ орсон үнэ:

32.0 м.кв 2 өрөө байр 37.251.500  

46.2м.кв 2 өрөө байр нь 43.043.000

63 м.кв 3 өрөө байр нь 45.045.000 төгрөг байна.

Энэ нь Улаанбаатар хотынхтой харьцуулбал даруй 2-5 дахин хямд, дэргэдэх өндөр хөгжил бүхий аймгуудын орон сууцны үнэтэй харьцуулбал 2 дахин хямд байгаа юм. Уг төслийн зарлага нь орлогоо давсан бөгөөд дутсан хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн зүгээс шийдэж өгсөн гэдгийг нээлтийн үеэр онцолж байв. Нөгөөтэйгүүр, Дорноговь аймаг барилгын материалын түүхий эдийг бага зам туулж оруулж ирдэг тул хямд тусдаг нь давуу тал болжээ.

Төр, хувийн хэвшил эв эетэйгээр нэгдэн ажиллаж чадвал томоохон бүтээн байгуулалтуудыг цаг алдалгүй бүтээн босгож буйн үлгэр жишээ боллоо.