Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх барилга угсралтын ажилтай танилцлаа
2019.11.15

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх барилга угсралтын ажилтай танилцлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх барилга угсралтын ажилтай /2019.11.15/ танилцлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрлэлийн байр, шинээр хийгдэж буй шугам угсралтын ажил болон түгээлт, борлуулалт зэргийг танилцуулав.

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар дөрвөн үйлдвэрийн 7 шугамаар хоногт 3000 тонн орчим түлш үйлдвэрлэж байна.

Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс хоёрдугаар үйлдвэрт 3, 4 дүгээр шугамыг шинээр угсарч ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал 3-р шугам 100 хувь дуусч, 4-р шугамын угсралтын ажил 95 хувьтай байна.

Мөн гуравдугаар үйлдвэрийн шугамыг өргөтгөх ажил амжилттай үргэлжилж байна. 2, 3 дугаар шугамыг угсрах ажил 96 хувьтай байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн“Нэг жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэл хотын агаарын бохирдол харьцангуй буурлаа. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил амжилттай үргэлжилж байна. Ингэснээр хомсдол үүсэхгүйгээс гадна нөөц бүрдүүлэх боломж нэмэгдэнэ.

Шахмал түлшнээс гадна 42.000 айл өрхийг цахилгаан халаагуур залгах боломжийг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр айлууд оргил ачааллын цагаар буюу утаа ихэсдэг үеэр зарим нь цахилгаанаар халааж байгаа нь давхар нөлөөлж байна. Бидний зүгээс агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлш, цахилгаан халаагуур хэрэглэх боломж зэрэг олон аргуудыг хэрэглэж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Цахилгаан халаагуур хэрэглүүлэхийн тулд шөнийн тариф мөрдөж байна. Ингэснээр 42.000 айл өрхийн дийлэнх нь шөнөдөө цахилгаан халаагуур хэрэглэдэг нь ажиглагдсан. Цахилгааны хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өсч байгаа учраас цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн тоо үүнийг дагаад нэмэгдэж байна гэж харж байна” гэлээ. Түүнчлэн үйлдвэрийн ажилчдын орчин нөхцлийг сайжруулах, эрүүл мэндэд анхаарах болон тоосонцор саармагжуулах ажиллагааг зохион байгуулах чиглэл өглөө.

Дээрх шугамын өргөтгөл угсралтын ажил дууссанаар нийт 11 шугамаар өдөрт 3500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой.

Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх айл өдөрт 3000 тонн түлш хэрэглэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг юм. Дээрх шугамуудын өргөтгөлийг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр нийслэлчүүд түлшний хомсдолд орохгүй. Мөн “Тавантолгой түлш” ХХК нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа гэлээ.