С.Эрдэнэ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монголын номер нэг худалч
2019.11.06

С.Эрдэнэ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монголын номер нэг худалч

Эх сурвалж. Монголын мэдээ сонин,  Сэтгүүлч Х.Болор

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-Сараал жагсаалтад орсон хариуц­лагыг Монголбанк, Санхүү­гийн зохицуулах хороо хоёр үүрэх нь зөв үү. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-Саарал жагсаалт гэдэг тухайн улсын банк санхүүгийн нөхцөл байдал, терроризмтэй тэмцэх, мөнгө угаах, хар тамхи гэх мэт хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо бүрдсэн улс орны нэг гэж үзсэн учраас эдийн засгийн хориг тавьж байгаа асуудал юм. Гэтэл эдийн засгийн гол бодлого явуулдаг байгууллагууд нь энэ хоёр хүний удирдаж байгаа газар. Монголын мөнгөний бодлогыг тодорхойлдог, банк санхүүгийн байгууллагад хяналт тавьдаг гол байгууллага бол Монголбанк.

Санхүүгийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Тэгэхээр энэ хоёр байгууллагын удирдлага нэн тэргүүнд хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал. Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг саарал жагсаалтад орох хүртэл хариуцлагагүй ажилласан гэсэн үг.

Энэ бол Монголын төр, бүр эрх мэдэлтнүүдэд өгч байгаа том сануулга. Монгол Улсыг хүндэтгэн үзэх боломжгүй шалтгаанаар саарал жагсаалтад оруулсан хүмүүст хариуцлага тооц гэсэн шаардлагыг АН-ын зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. 2017 оноос хойш ФАТФ-аас Монгол Улсад удаа дараа анхааруулга өгч байсан. Гэтэл үүнд үүрэг бүхий хүмүүс маш хариуцлагагүй хандсан. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хуульзүйн сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээх ёстой. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүст хариуцлага тооцох цаг нь болсон.

-АМНАТ-ийн асуудлын 15 хоногийн дотор шийдэх хуулийн хугацаатай. Гэтэл улсын төсөв, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэргийг ирэх долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Хуулийн хугацаанд эдгээр асуудлыг хэлэлцэж амжих боломжтой болов уу?

-Амжих эсэх нь үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүсийн асуудал. АМНАТ-ийн тухай хууль бол анхнаасаа хууль зөрчсөн байсан. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад давхар татвар ногдуулах нь байж болохгүй зүйл. Боловсруулсан өндөр үнэтэй коксжсон нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах боломж бидэнд нээлттэй. Гэтэл боловсруулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрээс татвар аваад байхаар энэ чиглэлээр ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж байх уу. 

-Төсвийн орлогыг тасалдуулах­гүйгээр хуулийг нь өөрчилнө гэж байгаа шүү дээ?

-Төсвийн орлогод нөлөөлөөд байх зүйл огт байхгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монголын нэг номерын худалч хүн. АМНАТ бол одоо хэлэлцэж байгаа 2020 оны төсөвт ямар ч нөлөөлөл байхгүй. Ирэх оных мөн л 600 гаруй тэрбум төгрөг байгаа. АМНАТ-ийн хуулийг тооцож байгаа аргачлал чинь буруу байна гэж ҮХЦ хэлсээр байтал засалгүйгээр явсан. Одоо зүгээр байсан хуулийг нь гэнэт өөрчлөх гээд байгаа мэт ярьж болохгүй. Сангийн яам болон Уул уурхайн яамны санал зөрөөд байгаа юм билээ.

АМНАТ-ийг анх олборлогчоос тооцох уу эсвэл боловсруулж байгаа шат дамжлагаас тооцох уу гэдэг нь асуудал. Уул уурхайн яам олборлолтоос тооцох саналтай байхад Сангийн яам ашигласан шат болгоноос авах гээд байгаа. Сангийн яамны санаа бол хялбар замаар татвар бүрдүүлэх гэсэн оролдлого, Монгол Улс түүхий бүтээгдэхүүн зарахыг дэмжих ёстой юм уу эсвэл дотроо боловсруулаад, ажлын байр нэмэгдүүлээд нэмүү өртөг шингээгээд өндөр үнэтэй бүтээгдэхүүн болгож гаргахыг дэмжих ёстой юу гэдгийг Сангийн яам бодох хэрэгтэй. Бодлогын үүднээс харахад ҮХЦ-ийн дүгнэлт бол зөв. 

-2020 оны төсвийг хэрхэн дүгнэж байгаа вэ. Одоо байгаагаас бага алдагдалтай байхаар боловсруулах боломж байсан уу?

-Байсан. Одоо байгаагаас нэг их наяд төгрөгөөр бага алдагдалтай боловсруулах боломж байсан. Сайн танаж чадвал алдагдалгүй ч байх боломжтой. Хоёр их наядын алдагдлыг тэглээд баланс бариулах боломжтой. Утга учиргүй олон хөрөнгө оруулалтуудыг хасаж, урсгал зардлуудыг танах ёстой 2020 оны төсөв бол маш бүдүүлэг төсөв болсон. Улс орны хөгжлийг тооцоолсон бус сонгуульд зориулсан төсөв болсон. Өнгөрсөн гурван жил, энэ жилтэй нийлээд есөн их наяд төгрөгийн алдагдалтай болж байна.